МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан Онцгой комиссын ажлын хэсэг манай аймгийн Сайхан суманд ажиллаж Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудын Онцгой комиссыг хуралдуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлын мэдээллийг сонслоо.

Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Дархан-Уул аймгийн ЗД-ын орлогч Т.Ганболд нар цаг үеийн болоод 07-р сард болсон үер усны нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хэрхэн хангаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

Манай аймгийн хувьд он гарсаар аймгийн хэмжээнд нийт 72 удаагийн аюулт үзэгдэл тохиолдож, 318 сая төгрөгийн хохирол учирсан бол иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 1,5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан дүнтэй байна. Долдугаар сарын 17-нд аймгийн төв Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт орсон хүчтэй аадар борооны улмаас цахилгаан эрчим хүч, харилцаа холбоо, инженерийн шугам сүлжээ тасалдаж, олон улсын болон орон нутгийн авто зам, төмөр замын хэсэгт саатал үүсч, нийтийн орон сууц, гэр байшин үерийн усанд автсан. Үерийн улмаас нийт 1,6 тэрбум төгрөгийн хохирол учраад байгаа. Энэхүү хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтээ Улсын Онцгой комисст аймгийн Засаг дарга Ш.Оргил илэрхийллээ. Аймгийн хэмжээнд 9490 гаруй малчин өрхийн 1,6 сая мал өвөлжих урьдчилсан мэдээтэй байгаа бөгөөд аймгийн өвс тэжээлийн аюулгүй нөөцөд 3000 боодол өвс, 1000 боодол ногоон тэжээлийг бэлтгэхээр ажиллаж байна. Сэлэнгэ аймаг Монгол Улсын үр тарианы 60 хувийг дангаараа үйлдвэрлэдэг онцлогтой аймаг учир эрчимжсэн мал аж ахуй газар тариаланг хослуулан хөгжүүлэх хөдөө аж ахуйн хөгжлийн зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлж эхлээд байгааг аймгийн дарга тодотголоо.
Шадар сайд Ө.Энхтүвшин хоёр аймгийн удирдлагуудад орон нутгийн эрчим хүчний үйлдвэр, нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өвлийн бэлтгэлийг сайтар хангуулж, нүүрс, түлшийг бэлтгүүлж, шаардлагатай аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, орон сууцны цэвэр бохир ус, дулааны шугам хоолой, авто замын засвар үйлчилгээг хугацаанд нь хийж дуусгах, ургац хураалтад ажиллах хүн хүч, техникийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан цаг агаарын гамшигт үзэгдлээс ургацаа хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, үерийн улмаас учирсан хохирлын хэмжээ, гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгоход зарцуулсан зардлыг нарийвчлан тогтоох үүрэг чиглэл өглөө
Шадар сайдын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЗТХЯ, ОБЕГ, МХЕГ, МЭЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд багтсан байв. Энэ удаагийн ажлын хэсэг 08 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгуудад ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах юм.