АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

Сэлэнгэ аймгийн Жавхлант, Ерөө, Хүдэр сумдын нутгаар уулнаас баавгай бууж ирэх явдал гарсаар байна. Нутгийн иргэд эдгээр баавгайг Сибирийн ой шатсанаас үүдэн Монгол руу дүрвэн орж ирсэн хар баавгай хэмээн ярьж байгаа юм.
Энэ нь тус бүс нутгийн малчид, ойн бүс нутгаар яваа ард иргэдэд ихээхэн саад бэрхшээлийг учруулж, анхаарал хандуулахгүй байхаас өөр аргагүй байдалд хүргээд байна. Баавгай малчин айл руу, айлын хот руу орж эрсдэл үүсгэж байгаа тул аймгийн онцгой комисс хуралдаж дээрх бүс нутагт онц байдал зарлалаа.
Аймгийн онцгой комиссын дарга Ш.Оргил “Бид юу юуны түрүүнд хүнээ бодох учиртай. Хүнээс илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй. Баавгай явж байгаа сумдад хэрхэн яаж ажиллахаа тодорхойлж, мэргэжлийн баг бүрэлдэхүүнийг ажиллуулан холбогдох арга хэмжээг авна” гэлээ.
Иймд ард иргэд малаа хариулах, самар, жимс түүх, байгалийн бусад баялгийг ашиглах, хадлан хадах, тариа хураах зэргээр хөдөө орон нутаг руу зорчихдоо анхаарал болгоомжтой байх хэрэгтэй байна.
Малчин айл өрхүүд хүнс хоол тэжээлийн зүйлсээ өөрсдийн унтаж амардаг газраасаа тусад нь өөр гэрт байлгах хэрэгтэй байна.