Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.ОРГИЛ: БИД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ЭХ ОРОНДОО ЭНЭ АЮУЛТ ӨВЧНИЙГ ОРУУЛАХГҮЙ БАЙХ ТАЛ ДЭЭР БҮХ ХҮЧЭЭ ДАЙЧЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

Аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил 12 цагт аймгийн онцгой комиссын цаг үеийн мэдээллийг өглөө.
-Юуны өмнө аймгийн Онцгой комисс өндөржүүлсэн байнгын бэлэн байдалд ажиллаж байгаа гэдгийг хэлье. Манай аймаг бол Монгол Улсын хойд хилийн аймаг гэдгээрээ онцлогтой. Өнөөдөр ОХУ-ын хилээр дамжин Алтанбулаг боомтоор 11:01 цагт Монгол Улсын 11 иргэн орж ирээд байна. Аймгийн онцгой комисс ГХЯ, ЭМЯ, Онцгой байдал, МХЕГ, Улсын Онцгой комиссын заавар зөвлөгөө, үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байна. Одоогоор дээрх хүмүүс эх орондоо орж ирсэндээ маш их талархаж байгаагаа илэрхийлж, халуурч бүлээрсэн байдал гараагүй байгаа талаар мэдээ ирж байна. Эхний шинжилгээгээр хэвийн байна. Тэдгээр иргэдийг 14 хоног тусгаарлана. Тусгаарлаж байна гэдэг бол Монгол Улсруугаа энэ вирсыг оруулж ирэхгүй гэж саатуулж байгаа үйл явц. Иргэдийг авчирсан жолооч, эмч ч мөн 14 хоног тусгаарлагдана. Энэ бол дүрэм журмынхаа хүрээнд Улсын Онцгой комисс, ЭМЯ-наас өгсөн чиглэлийн дагуу хийгдэж байгаа ажил. Энэ ирсэн 11 хүн өвчин тусчихаад ирсэн хүмүүс биш. Өвчтэй бүс нутгаас ирсэн хүмүүс. Тиймээс бид урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, эх орондоо энэ аюулт өвчнийг оруулахгүй байх тал дээр бүх хүчээ дайчлан ажиллаж байна.
Иргэдийн ухамсар, хариуцлагатай байдал маш их чухал болохыг нэмж хэлье. Улсын хилээр орж ирэхдээ өөрийн явсан очсон газраа үнэн зөвөөр мэдүүлэх нь бас том тус шүү гэдгийг хэлье. Мөн онцын шаардлагагүй бол ОХУ-руу явахгүй байхыг онцгойлон анхааруулж хэлмээр байна. Бидний урьдчилсан тандалт мэдээгээр хойд чиглэлээс ирэх хүмүүсийн урсгал их байна. Бид мэдээллийг олон эх сурвалжаас авч байгаа. Иркутскээс ирэх билет бичилтийг харахад ч их байна. Энэ хэрээр бидэнд ачаалал нэмэгдэнэ. Тиймээс байнгын өдөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Бид урьдчилсан сэргийлэх ажлыг л хийж байгаа гэдгийг манай иргэд маш сайн ойлгох хэрэгтэй. Төр засгаас гаргаж байгаа бодлого шийдвэрийг ягштал биелүүлээрэй гэж хүсье. Болж өгвөл гадуур дотуур явахгүй, гэр орондоо байхыг анхааруулж хэлье. Энэ сошиал орчин дам яриагаар, өөрсдийнхөө бодлоор ямар ч эх сурвалжгүй мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа тул аймгийн Онцгой комиссоос цаг тухай бүр үнэн зөв, бодитой мэдээллийг та бүхэндээ хүргэх болно.