ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР ТУСГААРЛАГДСАН ХҮМҮҮСИЙН БИЕИЙН БАЙДАЛ ХЭВИЙН, ЯМАР НЭГЭН ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭЭГҮЙ БАЙНА

Аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил 02 дугаар сарын 28-ны өдрийн 12 цагийн байдлаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.
-Өчигдөр буюу 02 дугаар сарын 27-ны өдөр ОХУ-ын хилээр дамжин Алтанбулаг боомтоор Монгол Улсын 11 иргэн орж ирсэн талаар бид өмнө нь мэдээллэсэн. Тэдгээр иргэдээс 3 хүнийг Халдвартын голомтоос ирсэн гэж үзэн сорьцын шинжилгээ авч Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргүүлсэн. Шинжилгээний хариу одоогоор ирээгүй байна. Өнөөдрийн байдлаар тусгаарлагдсан хүмүүсийн биеийн байдал хэвийн, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна. Мөн бид БНСУ-ын Пусан хотоос Хиагтын раойнд ирээд байсан Монгол Улсын 1 иргэнээ хүлээн авч тусгаарлалаа. Сорьц шинжилгээг авч Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргүүллээ.
Бидэнд 02 дугаар сарын 28-ны өдрийн Сөүл-Иркутск чиглэлийн онгоцоор Монгол Улсын 23 иргэн ирэх тухай мэдээллийг ГХЯ болон Улан-Удэ, Иркутскийн ЭСЯ-наас ирүүлээд байна. Эдгээр хүмүүсийг тусгаарлах байрыг бэлтгэсэн. Хүлээж авахад бэлэн.
Аймгийн Онцгой комиссоос нийт иргэддээ хандан хариуцлагатай байхыг уриалж, төр засаг, аймаг орон нутгийн шийдвэрийг хэрэгжүүлэн бидний зүгээс хийж байгаа урьдчилан сэргийлэх ажилд дэм болохыг хүсье.