ТУСГААРЛАГДААД БАЙГАА ИРГЭДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ХЭВИЙН, ЯМАР НЭГ ЗОВИУР ИЛРЭЭГҮЙ БАЙНА

Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил 03 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагийн байдлаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.

Та бүхэндээ оройн мэнд хүргэж, ээлжит цаг үеийн мэдээллийг танилцуулъя.

Сэлэнгэ аймагт тусгаарлагдаад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн, ямар нэг зовиур илрээгүй байна. 03 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд 80 иргэд ажиглалтад байгаа талаар өмнөх мэдээлэлдээ хэлсэн. Эдгээр иргэдийг харъяаллаар нь авч үзвэл Улаанбаатар хотын харъяат иргэн 50, Сэлэнгэ аймгийн харъяат 15, Орхон аймгийн харъяат  6, Хэнтий аймгийн харъяат 3, Төв аймгийн харъяат 2, Дархан-Уул аймгийн харъяат 2 иргэн, иргэдийг авчирсан Сэлэнгэ аймгийн Зооноз өвчин судлалын төвийн 2 жолооч байна.

Улсын Онцгой комиссын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгээр ахлуулсан 7 улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ өдөр манай аймагт мэргэжил арга зүйн зөвлөгөө дэмжлэг өгч, чухал асуудлуудыг цаг алдалгүй газар дээр нь шийдвэрлэх зорилготой ажиллаж байна. Н.Цагаанхүү даргын шийдвэрлэсэн эхний шийдвэр бол 03 дугаар сарын 02-ний өдрөөс эхлэн ОХУ-аар дамжин ирж байгаа иргэдийг Сэлэнгэ аймаг хүлээж авалгүй Дархан-Уул аймагт шилжүүлэн тусгаарлаж хяналтад байлгах.  

Улсын Онцгой комиссоос гаргасан энэ шийдвэрийн хүрээнд 03 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймагт ирсэн Монгол Улсын иргэдийг Дархан-Уул аймагт хүлээлгэн өгөхөөр бэлтгэлийг хангаж байна. Энд нэг зүйлийг зориуд тодотгон хэлэхэд бид бүх асуудлаа Дархан-Уул аймагт даатгаад орхихгүй. Хил рүү ирж байна гэсэн мэдээллээс эхлээд хилээр нэвтрүүлэх, үзлэг шалгалтаа хийх, эмчийн үзлэгт хамруулах гээд бүхий л ажиллагаа үргэлжилж, Дархан-Уул аймгийн аймагтаа бэлтгэсэн тусгаарлах байранд орох хүртэл бүх үйл ажиллагаанд манай аймаг хамтарч ажиллана гэдгийг та бүхэн ойлгоорой.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 17 суманд байнгын хяналтын 31 цэг ажиллаж байна. Хяналтын цэгээр 03 дугаар сарын 02-ний өдрийн 08-аас 15 цагийн хооронд нийт 125 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрсөнөөс 299 хүний биеийн халууныг хэмжиж үзэхэд биеийн халуун ихэссэн зорчигч байхгүй байна. Хяналтын цэгүүдээр өвчний учир нэвтэрсэн 20 хүн байна. Үүнийг төрлөөр нь задлахад жирэмсэн эх-2, өвчний бусад шалтгаантай-18 хүн нэвтэрсэн байна. Нийт зорчигчдод Ковид-19 вирусын халдварын эсрэг сурталчилгааны материал, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг тараагаад байна. Хяналтын цэгт Онцгой байдлын газраас 12, Цагдаагийн газраас 35 алба хаагч, Эрүүл мэндийн байгууллагаас 9, сумдын ЗДТГ-аас 46, МХГ-аас 1, төр төсвийн байгууллагаас 51, нийт 117 албан хаагч, 40 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.

Улсын Онцгой комиссын 03 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны шийдвэрээр маргааш өглөө буюу 03 дугаар сарын 03-ны өдрийн 06 цагаас хот хооронд, сум хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нээгдэж байгаатай холбогдуулан аюулгүй байдал, анхаарал болгоомжоо дээд түвшинд байлгаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг нийт жолооч нар, ард иргэддээ анхааруулж байна.

Энэ хүнд цаг үед олон сайхан сэтгэлт хүмүүс, байгууллагууд сэтгэл гарган хандив тусламжийг үзүүлж байна. Өмнөх мэдээлэлдээ Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын “Сэлэнгэ нэгдсэн хөтөлбөр”-өөс дэмжлэг болгон өгсөн тусламжийн талаар мэдээллэсэн. Мөн Сүхбаатар сумын Спортын бүрэн дунд сургууль, “Үзэсгэлэнт сэтгэл” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагууд мөнгөн тусламж үзүүлсэнд талархаж байгаагаа аймгийн Онцгой комиссын болон Сэлэнгэ аймгийнхаа нийт иргэдийн өмнөөс илэрхийлье.

ОХУ-аар дамжин эрсдэлтэй бүс нутгаас Монгол Улсын хичнээн иргэд орж ирэн дамжин өнгөрөхийг бид урьдчилан хэлж мэдэхгүй учир манай аймгийн иргэд гэр орондоо ариун цэврийг сайтар сахин, онцын шаардлагагүй бол гадуур явалгүй урьдчилан сэргийлэх хувийн бэлтгэлээ хангаж хариуцлагатай байхыг анхааруулж байна.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС