УЛСЫН ОНЦГОЙ КОМИССООС ТОМИЛОГДСОН АЖЛЫН ХЭСЭГ СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ САЙТАЙ, САЛБАР ДУНДЫН ОРОЛЦООГ САЙН ХАНГАЖ АЖИЛЛАЖ БАЙНА ГЭЖ ДҮГНЭЛЭЭ

2020-03-03-ны өдрийн 12:00 цагийн мэдээ

Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил 03 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагийн байдлаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.

Сэлэнгэ аймагт нийт 81 Монгол иргэн байгаагаас 3 хүнийг сэжигтэй тохиолдлоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт, 78 иргэнийг Алтанбулаг болон Сүхбаатар сумын ажиглалтын байруудад тусгаарласан. Ажиглалтад хүүхэд-7, жирэмсэн эх-2, 60-с дээш настай ахмад настан-2 байна.
Аймгийн нэгдсэн эмнэлэг дээр сэжигтэй болон ажиглалтад 16 хүнийг тусгаарласан. Үүнд 9 эрэгтэй, 7 эмэгтэй, 0-5 насны 1 хүүхэд байна. Нийт 4 удаагийн давтамжтай 16 сорьцийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн томуугийн лабораторид хүргүүлснээс 13-ийн хариу сөрөг гарч, 3 хариу хүлээгдэж байна.
Улсын Онцгой комиссын 3 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Солонгос, Япон Улсаас ОХУ-аар дамжин эх орондоо ирэх иргэдийг зөвхөн Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг боомтоор нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн тул Солонгос, Япон, Итали, Иран Улсаас ирэх гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй, Монгол иргэдээ оруулж, 14 хоног тусгаарлаж ажиглана.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг боомтоор сүүлийн өдрүүдэд Солонгос улсаас Монгол иргэд дамжин орох хөдөлгөөн эрчимжиж, өндөр эрсдэлтэй байгаа тул Улсын Онцгой комиссийн шийдвэрээр Сэлэнгэ аймгийн ачааллыг бууруулах зорилгоор зэргэлдээ аймагт ажиглалтад тусгаарлах эмнэлгийн ор дэлгэх шаардлагатай гэж үзэж, Дархан-Уул аймагт бэлтгэл ажлыг хангуулсан.
Энэ хүрээнд 3 дугаар сарын 2-ны өдөр Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос тусгай чиглэлийн автомашин гарган Хиагт хотоос 9 том хүн, хоёр хүүхэд нийт 11 Монгол иргэнийг татан авч оройн 19:10 цагт Улсын хилээр нэвтрүүлж, хяналт тандалт хийн Дархан-Уул аймагт ажиглалтад авахаар хүргүүлсэн.
Сүхбаатар боомтод Эрхүү-Улаанбаатар чиглэлийн 306 дугаар галт тэрэг 3 дугаар сарын 2-ны 22:30 цагт ирж Хилийн Мэргэжлийн хяналтын албаны байцаагчид хяналт тандалтыг хийснээр 10 зорчигчийг Дархан-Уул аймагт, 1 зорчигчийг Сэлэнгэ аймагт ажиглалтад авч тусгаарлах байранд хүргүүлсэн.
Алтанбулаг, Сүхбаатар боомтод нэмэлтээр Эрүүл ахуй, халдвар хамгааллын дөрвөн улсын байцаагч Улаанбаатар хотоос томилогдон ирж ажиллаж байна.
Ковид-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд Хилийн мэргэжлийн хяналтын албаны 32, МХГ-ын 5, Зооноз өвчин судлалын төвийн 8 албан хаагч Алтанбулаг, Сүхбаатар боомт дээр, аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн 64 эмч, сувилагч, жолооч нар тусгаарлах байр, хяналтын цэгүүдэд, тусгаарлагдсан иргэдийг харгалзах зорилгоор Цагдаа, Онцгой байдлын байгууллагаас 7 цэгт 16 албан хаагч ажиллаж байна.
Чөлөөт бүсийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл түр хааж байгаа. Мөн ОХУ-аас орж ирж байгаа иргэдийг чөлөөтэй авч нэвтрүүлж байна. Харин Сэлэнгэ аймгаас ОХУ-руу очиж авах асуудлыг зогсоосон.
Энэ хүнд цаг үед олон сайхан сэтгэлт хүмүүс, байгууллагууд сэтгэл гарган хандив тусламжийг үзүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлье. Аймгийн Биеийн тамир спортын газрын хамт олон, Сүхбаатар сумын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо зэрэг байгууллагууд мөнгөн тусламжийг хандивлаад байна.Иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хандивын мэдээллийг өдөр өдөрт нь та бүхэндээ өгч байх болно.
Монгол Улсын Засгийн газраас ОХУ-аар дамжин ирж буй Монгол иргэдийг зохион байгуулалттайгаар эх оронд нь авч ирэх ажлыг зохион байгуулж байгаа хэдий ч иргэд мэдээллээ үнэн зөв өгөхгүй байх, цаг хугацаа алдуулах зэргээр төрийн албан хаагчдын ажилд хүндрэл учруулах явдал гарсаар байна.
Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын хувьд зохион байгуулалт сайтай, салбар дундын оролцоог сайн хангаж ажиллаж байна гэж Улсын Онцгой комиссоос томилогдсон ажлын хэсэг дүгнэснийг та бүхэнд дуулгая. Хамтран ажиллаж байгаа та бүхэндээ талархаж байгаа илэрхийлье.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС