ТА БИД ХАМТЫН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛЭЭРЭЭ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ЦОЧИРОЛД ОРУУЛААД БАЙГАА ЭНЭ АЮУЛТ ӨВЧНИЙГ ЭХ ОРОНДОО ОРУУЛАХГҮЙ БАЙЖ ЧАДНА

Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил 03 дугаар сарын 03-ны өдрийн 17 цагийн байдлаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.
Сэлэнгэ аймагт тусгаарлагдаад байгаа 81 иргэний биеийн байдал хэвийн, ямар нэг зовиур илрээгүй байна. Аймгийн хэмжээнд 17 суманд байнгын хяналтын 28 цэг ажиллаж байна. Хяналтын цэгт Онцгой байдлын газраас 13, Цагдаагийн газраас 37 алба хаагч, Эрүүл мэндийн байгууллагаас 9, сумдын ЗДТГ-аас 24, нийт 83 албан хаагч, 24 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.
Мандал, Сайхан, Баянгол, Шаамар, Дулаанхааны хяналтын цэгүүдээр 3 дугаар сарын 03-ны өдрийн 06-аас 13 цагийн хооронд давхардсан тоогоор нийт 1562 тээврийн хэрэгсэл, 5609 зорчигч дамжин өнгөрөөд байна.
Урин цаг наашилж байгаа хэдий ч аймгийн хэмжээнд томуу томуу төст өвчин бүрэн намжаагүй байна. Аймгийн Эрүүл мэндийн салбарын хэмжээнд 282 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 57 нь 0-15 насны хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдээс томуу, томуу төст өвчтэй хүүхэд 34, жирэмсэн эх 21 нь байна. Нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 204 нь насанд хүрэгчид байна. Биеийн байдал хүнд анхаарал татсан 4 өвчтөн байгаагаас эрчимт эмчилгээний тасагт 3 хүн байна. Яаралтай тусламжийн тасаг, нэгжээр 43 хүн үйлчилсэний 5 нь томуу томуу төст өвчтэй байна. Түргэн тусламжийн 61 дуудлагад үйлчилсэний 10 нь алсын дуудлага байна.
Иймээс манай иргэд хүүхэд багачууд, ахмад настан, жирэмсэн эхчүүд гээд бүхий л хүмүүсээ томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, өвчин эмгэг тусгахгүй байх нөхцөлийг ар гэртээ хангаарай.
Бидний ажлыг дэмжиж, бидэнтэй сэтгэл нэг байж туслаж хамтран ажиллаж байгаа хүмүүс, байгууллагууддаа талархаж байгаагаа илэрхийлье. Аж ахуйн нэгж байгууллагуудын хандив тусламж үргэлжилсээр байна.
-Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Аймгийн ИТХ-ын ажлын алба, аймгийн ЗДТГ, ОБГ, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Гаалийн газар, Хилийн цэргийн анги, Сэлэнгэ Улаан загалмайн хороо, аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олноос тусламж зүүллээ.
ОХУ-аар дамжин эрсдэлтэй бүс нутгаас Монгол Улсын хичнээн иргэд орж ирэн дамжин өнгөрөхийг бид урьдчилан хэлж мэдэхгүй учир манай иргэд урьдчилан сэргийлэх хувийн бэлтгэлээ сайтар хангаж хариуцлагатай байхыг анхааруулж байна.
Та бид хамтын хичээл зүтгэл, хамтын хүч дэмээр дэлхий нийтийг цочиролд оруулаад байгаа энэ аюулт өвчнийг эх орондоо оруулахгүй байж чадна гэдгийг онцлон тэмдэглэж хэлье.
Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа Хилийн болон аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллага, Зооноз өвчин судлалын төв, Хилийн цэрэг, аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Цагдаа, Тагнуул, Онцгой байдлын газар, Гаалийн газар, Алтанбулаг, Сүхбаатар сумын ЗДТГ, “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ, “Урсгал ус”, Мал эмнэлгийн газар болон бусад бүх өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа төрийн албан хаагчиддаа Сэлэнгэ нутгийнхаа нийт иргэдийн өмнөөс, Аймгийн Онцгой комиссын гишүүдийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье.
Мөн цаг уярч, наашилж байгаатай холбогдуулан ард иргэд онцгой байдлын үеийн хяналт шалгалтаас зайлсхийх, баталгаагүй зам маршрутаар гол мөсөөр явж болзошгүй эрсдэлд орохгүй байхыг анхааруулж байна.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС