УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭР

Улсын Онцгой комисс өнөөдөр хуралджээ. Сүүлийн үед иргэдийн дунд амны хаалт хэрэглэхгүй байх, олон нийтийн газраар явах зэргээр коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх анхаарал, сэрэмж суларч байгаа тул иргэдийн сахилга, хариуцлагыг чангатгах шийдвэрийг Улсын Онцгой комиссын хуралдаанаас гаргалаа.

Тухайлбал,

- “Маскаа зүүцгээе” аяныг 2020 оны 5 дугаар сарын 31-ны өдрийг дуустал орон даяар өрнүүлэх,

- Иргэд хоорондоо зөвхөн зайнаас харьцах

- Иргэн бүрийг амны хаалт хэрэглэдэг болгож хэвшүүлэхийн тулд тавих шаардлагыг бүх түвшинд өндөржүүлэх, энэ талаарх хяналтыг чангатгах, зөвхөн амны хаалт хэрэглэсэн хүнд төрийн болон орон нутаг, хувийн хэвшлийн байгууллагууд үйлчилдэг хатуу журам тогтоох,

- Иргэд бие биедээ шаардлага тавьдаг соёлыг дэлгэрүүлэх,

- Дуут дохиогоор урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгээр тогтмол давтамжтай сануулж байх,

- Хэвлэл мэдээллийн сурталчилгаа зөвлөмжийг тогтмолжуулах,

- Хотын гудамж талбайд ажиллах байнгын эргүүл, байцаагчдын тоог нэмэгдүүлж хяналт шалгалтыг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээг тусгасан шийдвэрийг гаргалаа.

Мөн ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй монгол иргэдийг татан авахаар шийдвэрлэсний дагуу иргэдийг Алтанбулаг боомтоор өнөөдөр зохион байгуулалттайгаар улсын хилээр нэвтрүүлж, тусгаарлах ажиллагааг зохион байгуулж байна.

300 орчим иргэн ирэхээс дийлэнх нь оюутан байна. Хүн тус бүрийг нэг өрөөнд байхаар тусгаарлалт хийж, ХӨСҮТ-өөс оношлуурын баг явж ажиллахаар болжээ.