АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА
Сэлэнгэ аймгийн Онцгой комисс хилийн аймгийн онцлогоос хамаарч удаа дараа хуралдаж байна. Ээлжит хуралдаан энэ цаг мөч дор мөн боллоо. Яг энэ цаг хугацаанд Алтанбулаг шалган нэвтрүүлэх боомт дээр 40 гаруй машин хонож байгаа юм.
Энэ удаагийн хурлын гол зорилго хэдхэн хоногийн өмнө Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу улсын хилээр орж ирж байгаа дээрх олон улсын ачаа тээврийн жолооч нар, бараа материалыг хэрхэн яаж халдвар хамгааллын дэглэмийн дор эх орондоо оруулах вэ? Ингэж оруулсаар байх нь зөв юмуу? Буруу юу? Цаашид хэрхэн яаж ажиллах вэ? Хилийн энэхүү боомттой бараг хамтдаа хил дээр ажиллаж амьдарч байгаа 5000 гаруй хүн амтай Алтанбулаг сумын иргэдийн эрсдлийг хэрхэх вэ гэдэг дээр мэргэжлийн байгууллагууд байр суурь, саналаа илэрхийллээ.
СЭЛЭНГЭ аймаг тур тусмаа АЛТАНБУЛАГ боомт, АЛТАНБУЛАГ сум хамгийн эрсдэлтэй бүс нутаг болоод байгаа нь бодит байдал. Алтанбулаг сумаас хэдхэн метрийн зайд байрлах зэргэлдээ ОХУ-ын Хиагтын мужид байдал ямар байгааг мэргэжлийн байгууллагаас тогтмол мэдээллэж байгаа. Энэ эрсдэлтэй бүс нутгаар дамжин орж ирж байгаа олон улсын ачаа тээврийн жолооч нартай хил, гааль, хяналт шалгалтын алба хаагчид өдөр тутам нүүр тулан ажиллаж байна. Сүүлийн хэд хэдэн удаагийн хил нэвтрэн орж ирсэн жолооч нараас коронавирусын халдвар илэрсэн нь эрсдэлт байдлыг улам бүр нэмэгдүүлж байгаа юм.
Аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил:-“ Манай багийнхны, бид бүхний хамгийн эхэнд тавьж бүхий л хүчээ гарган ажиллаж байгаа ажил бол коронавирусыг эх орондоо оруулахгүй байх. Бүх ажлын түрүүнд энэ чиглэлийн ажлыг тавьж ажиллаж байгааг манай ард иргэд ойлгох хэрэгтэй. Бид энд ажиллаж байгаа алба хаагчидаа, ард иргэдээ 1-т тавина. Авто замын Алтанбулаг, төмөр замын Сүхбаатар гэсэн 2 боомт дээр манай алба хаагчид энэ хүнд цаг хугацаанд ажиллаж байна. Бидний зүгээс Алтанбулаг боомтоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг эрэмбэлж, зайлшгүй хэрэгцээт байдлаар нь ангилах хэрэгтэй гэж үзэж байгаа. Сүүлийн 7 өдрийн ачааны машины тээвэрлэлтийг харахад дийлэнх нь өндөг, ундаа, хатаасан жимс байна. Ийм бараа бүтээгдэхүүн их орж ирж байна. Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг төмөр замаар оруулах саналтай байна. Бүр зайлшгүй хүнсний улаан буудай ч юмуу эрүүл мэндийн хэрэгцээт бүтээгдэхүүнийг Алтанбулаг боомтоор оруулж ирэх хэрэгтэй. Ер нь манай боомтын бодит нөхцөл байдалтай шат шатны мэргэжлийн байгууллагынхан газар дээр нь ирж танилцан бодитой шийдвэр гаргах хэрэгтэй байна” гэлээ.