АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ӨРГӨТГӨТСӨН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2 ДАХЬ ӨДРӨӨ БОЛЖ БАЙНА
Өнөөдөр аймгийн Онцгой комиссын өргөтгөтсөн ээлжит хуралдаан 2 дахь өдрөө болж байна. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсэг манай аймагт Алтанбулаг боомтын асуудлаар 2 дахь өдрөө ажиллаж байна.
Аймгийн Онцгой комиссын хуралдаанд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах нарын албаны хүмүүс, аймгийн Онцгой комиссын гишүүд, мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцож байна.
Аймгийн Онцгой комиссын ажлын хэсгийн ахлагч нарын мэдээллийг сонссоны дараа мэргэжлийн байгууллагын зарим хүмүүс санал бодлоо илэрхийлсэн. Үүнд Зооноз өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цагдаагийн ерөнхий газар, МХЕГ, Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын Монгол дахь суурийн төлөөлөгчийн газар, ХАҮТанхим зэрэг газрууд Алтанбулаг боомтыг түр хугацаагаар хаах саналыг дэмжиж байгаагаа мэргэжлийн байр суурийн хамт илэрхийллээ.
Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан тохиолдлын 43,6 хувийг Алтанбулаг боомтоор орж ирсэн тохиолдлууд эзэлж байна. Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан 155 тохиолдол байгаагийн 118 тохиолдол нь эх орондоо ирж байгаа иргэд, 37 тохиолдол нь ачаа тээврийн жолооч нар байгаа юм. Алтанбулаг боомтоор Монгол Улсад нэвтэрч байгаа ачаа тээврийн жолооч нарын шинжилгээгээр сүүлийн 15 хоногт 14, зургаа хоногт зургаан тохиолдол батлагдаад байгаа нь хил дээр ажиллаж байгаа алба хаагчид, хилтэй зэрэгцэн амьдарч байгаа Алтанбулаг сумын иргэд цаашлаад Сүхбаатар хот, Монгол Улсын нийт хүн ардын эрүүл мэндийн баталгааны асуудал болон хувирч байна. Энэ байдалд аймгийн Онцгой комисс гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа билээ.
 
Монгол Улс өнөөдрийг хүртэл коронавиурсийн халдварыг дотооддоо алдаагүй байгаа гэдэг давуу талаа хэвээр авч яваа. Коронавирусийн халдварыг эх орондоо оруулахгүйн төлөө өнөөдрийг хүртэлх 10 сарын хугацаанд Сэлэнгэ аймгийн Онцгой комисс, төрийн албан хаагчид эрвийн дэрвийхээрээ ажиллацгааж байна. Учир нь Сэлэнгэ аймаг хилийн аймаг. Тиймээс ч аймгийн Онцгой комиссын гол анхаарал хүнээ бодсон, ард иргэд олон түмнээ эрүүл байлгахыг хичээсэн шийдвэрүүд байгаа гэдгийг анхаарч ойлгоорой хэмээн аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил тодотгон хэллээ.