АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССООС НИЙТ АРД ИРГЭДДЭЭ МАСКАА ТОГТМОЛ ЗҮҮЖ, АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙГ ХУВЬДАА, АР ГЭРТЭЭ, БАЙГАА ОРЧИНДОО ЧАНАД САХИЖ МӨРДӨН ИЛҮҮ ИХ СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ УРИАЛЛАА
Аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан өглөөний 05:00 болон 10:00 цагуудад боллоо. Энэ удаагийн шуурхай хуралдаанаар Улсын Онцгой комиссын шийдвэр, аймаг орон нутагт авч хэрэгжүүлэх арга хэмжээний асуудлуудыг ярилцлаа.
ОХУ-ын Буриад улсын Хиагтын районоос Алтанбулаг боомтруу орохоор Олон улсын ачаа тээврийн 100 гаруй машин хүлээгдэж байгаа тул бэлтгэл бэлэн байдал, халдвар хамгааллын дэглэмээ өндөр түвшинд байлгаж эдгээр тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр мэргэжлийн байгууллагынхан маань ажиллаж байна. Улсын Онцгой комиссоос тус боомтыг 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 2 сараар хаах саналыг Засгийн газарт оруулсан бөгөөд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэх юм. 16-ны өдөр болоогүй байгаа учир ачаа тээврийг нэвтрүүлэх ажлыг манай аймгийн мэргэжлийн байгууллагын алба хаагчид маань гүйцэтгэсээр байна.
Өнөөдөр өглөөний байдлаар Алтанбулаг боомт дээр хоносон 27 тээврийн хэрэгслээс 2 жолооч өөрсдийн хүсэлтээр буцсан бол 25 тээврийн хэрэгслийн жолооч шинжилгээнд хамрагдаж 1 хүнээс коронавирусын халдвар илэрч ХӨСҮТ-рүү хүргэгдэж байна. Алтанбулаг боомтоор орж ирж байгаа олон улсын ачаа тээврийн жолооч нараас илрэх халдварын тоо өдөрт 2, 3 болж нэмэгдэж байгаа тул энд ажиллаж байгаа алба хаагчид, ард иргэдээ хамгийн түрүүнд тавьж, эрүүл мэнд аюулгүй байдлыг нь бодмоор байна гэдгийг Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил онцлон тэмдэглэж хэллээ.
Өндөр эрсдэл дунд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа алба хаагчиддаа бүхий л анхаарлаа хандуулж ажиллахыг байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.
Мөн тусгай горимоор ажилладаггүй төр, төсвийн байгууллагуудын албан хаагчдыг гэрээс нь цахимаар ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг байгууллагын удирдлагуудад даалгалаа.
Аймгийн Онцгой комиссоос нийт ард иргэддээ онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, хүүхдийг дэлгүүр хоршооруу явуулахгүй, гадуур гаргахыг байхыг анхааруулж, маскаа тогтмол зүүн илүү их сонор сэрэмжтэй, анхаарал болгоомжтой байж ариутгал халдваргүйжүүлэлтийг хувьдаа, ар гэртээ, байгаа орчиндоо чанад сахиж мөрдөхийг уриаллаа.