АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССООС АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН АЖИЛД ОНЦГОЙЛОН АНХААРЧ АЖИЛЛАХЫГ БҮХ ШАТНЫ БАЙГУУЛЛАГУУДАД АНХААРУУЛЛАА

Өнөөдөр аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо. Бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, Сэлэнгэ аймагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ 24 цагаар холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

-Аймгийн Нэгдсэн эмнэлэгт ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг өндөр түвшинд зохион байгуулан, яаралтай тусламж үзүүлэх (төрөх, мэс заслын тасаг) хэсгийн хэвийн үйл ажиллагааг хангахаар ажиллаж байна.

-Батлагдсан тохиолдлын хавьтлуудын шинжилгээ хийх 2 цэгийг байгуулж, хавьтлуудыг эрэмблэн нэн шаардлагатай иргэдээс шинжилгээг богино хугацаанд авах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Мөн тусгаарлах байрны тоог нэмэгдүүлж, шаардлагатай нөөц хэрэгсэл, хүний нөөцийг хангах талаар нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулаад байна.

-Аймгийн хэмжээнд эмч, эмнэлгийн мэргэжилтний тооцоо судалгааг гаргаж, харьяа сум орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас дайчлах, татан төвлөрүүлэх ажлыг гүйцэтгэж байна.

Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил дараах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг хэлтэс агентлагийн дарга нарт үүрэг болголоо.

-Хүнсний хангамжийн тасралтгүй байдлыг хангаж, “ИДЭШ” арга хэмжээ зохион байгуулахыг ХХААГ-т,

-Эмзэг бүлгийн иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хоол хүнсэнд анхаарч, тусламж дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж, “ХҮНСНИЙ БАГЦ” арга хэмжээний төсөл танилцуулахыг ХХҮХ-т

-Иргэд, айл өрхийн түлээ, модны асуудал дээр бодлого зохицуулалтын шуурхай арга хэмжээ авч ажиллахыг БОАЖГ-т,

-Иргэдийн ахуйн хүрээнд, хүүхэд, залуучуудын дэргэд архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхад хяналт тавьж, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулахыг Цагдаа, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газруудад,

-Гэр гэртээ байгаа хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарч, сурагчдын дунд цахим уралдаан, тэмцээнийг үр дүнтэй зохион байгуулахыг Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт,

-СӨХ, Тохижилт үйлчилгээний газрын үйл ажиллагааг эрчимжүүлж, орон сууцны орц хонгилын цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгалыг тогтмолжуулах,

-Хог хаягдал, ариутгал халдваргүйтгэлийг тухай бүр хийж, сурталчлах,

-Төр, төсвийн байгууллагуудтай хамтран багууд дээр эргүүл, хяналтыг хуваарийн дагуу ажиллуулахыг Сүхбаатар сумын Засаг даргад,

-Сүхбаатар сумын Засаг дарга, Хот тохижилтоос авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээнд хяналт тавьж, албан хаагчдад нэг удаагийн халдвар хамгааллын хувцас өмсгөж ажиллуулахыг ОБГ, Цагдаагийн газарт,

-Татварын орлого бүрдүүлэхэд онцгой анхаарч, татварын байцаагч нарыг цахимаар ажиллуулахыг Татварын хэлтэст тус тус үүрэг болголоо.

Төр, төсвийн болон аж ахуйн нэгж бүх шатны байгууллагуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг онцгойлон анхаарч баримтжуулан хийж гүйцэтгэн тайлагнаж ажиллахыг даалгасан бол ард иргэдийг өөрсдийн нөөц боломжинд тулгуурлан ар гэр ахуйн орчиндоо ариутгал хийхийг уриаллаа.

Аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил дор бүрнээ хариуцлагатай байж, үйл ажиллагаагаа алдагдуулалгүй, цахимаар ажлаа гүйцэтгэж, албан хаагчиддаа хяналт тавьж ажиллахыг нийт удирдлагуудад онцгойлон анхаарууллаа.