АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Ш.ОРГИЛ: ОДОО ТА БИДЭНД АМРАЛТЫН ЦАГ ГЭЖ БАЙХГҮЙ ГЭДГИЙГ ОНЦГОЙ АНХААРААРАЙ
Аймгийн Онцгой комисс 17 сумтайгаа цахим хурал зохион байгууллаа. Цахим хуралд аймгийн Онцгой комиссын гишүүд, сумдын удирдлагууд, ХАА-н тасгийн дарга нар хамрагдлаа. Хурлын эхэнд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил аймгийн нөхцөл байдлын мэдээг танилцуулж цаашид авч хэрэгжүүлэх, анхаарч ажиллах асуудлууд дээр үүрэг чиглэл өглөө.
-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хөл хорионы хатуу дэглэмийг баримталж, иргэдийн хөдөлгөөнийг орон нутагтаа хязгаарлах,
-Хүнсний хангамжийн асуудлыг орон нутагтаа бүрэн шийдвэрлэж, мах нийлүүлэлтийн хүрээнд аймгаас зохион байгуулах “ИДЭШ” арга хэмжээг сум, орон нутагтаа хариуцлагатай хэрэгжүүлэх,
-Сумын Онцгой комиссын дэргэдэх шуурхай штабыг 24 цагаар тогтмол ажиллуулж, мэдээ тайланг тухай бүр аймгийн Шуурхай штабт тайлагнаж ажиллахыг үүрэг болголоо.
Аймгийн Онцгой комиссын даргаас мах нийлүүлэлтийн асуудал дээр сумдын Хөдөө аж ахуйн тасгууд өндөр ач холбогдол өгч, халдвар хамгааллын дэглэм дор ажиллах хэрэгтэйг тодотгосон. Энэ хүрээнд малчдаас борлуулах малын судалгааг нарийвчлан гаргаж, их хэмжээгээр борлуулах бол аймгийн зүгээс Улаанбаатар хот, бусад аймгуудын зах зээлд гаргах ажлыг зохион байгуулж өгнө гэдгээ мэдэгдлээ.
Мөн нийт сумдын удирдлагуудад ахмад настан, хүүхэд, залуучуудад зориулсан дасгал хөдөлгөөнийг цахим орчинд зохион байгуулах, алба үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдын хамгаалах хувцас хэрэглэлд анхаарах, иргэдийнхээ түлээ түлшний асуудлыг шийдвэрлэж, гэр бүл ахуйн хүрээн дэх архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдүүд зэрэгт хяналт тавьж, сургуулийн анги удирдсан багш нар сурагчидтайгаа цахимаар холбогдож хүүхдүүдтэйгээ эргэх холбоотой байхыг чиглэл болголоо.
Аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил нийт сумдын удирдлагуудад-“Одоо та бидэнд амралтын цаг гэж байхгүй гэдгийг онцгой анхаараарай” хэмээн хэлэв.