9772 ИРГЭН ТҮРГЭВЧИЛСЭН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДААД БАЙНА

Аймгийн Онцгой комиссын ээлжит мэдээллийг Саймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ш.Оргил, манай аймагт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байгаа Монгол Улсын Онцгой комиссоос батласан Шуурхай бүлгийн ахлагч Батлан хамгаалахын сайд, Улсын онцгой комиссын орлогч дарга, бригадын генерал Г.Сайханбаяр нар өглөө.  

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ш.Оргил:

ТА БИД ЧАДНА, АМЖИЛТЫН ҮНДЭС ЭМХ ЦЭГЦ БАЙДАГ УЧИР БҮХ НИЙТЭЭРЭЭ ДЭГ ЖУРАМТАЙ, ЭМХ ЦЭГЦТЭЙ БАЙЦГААЯ

Нөхцөл байдлын үүднээс аймгийн Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлаа тоймлон танилцуулъя. Бид ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангах үндсэн зорилгын дор үүссэн нөхцөл байдалд уялдуулан зохицуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна.

-Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хамгийн түрүүнд хөл хорионы хатуу дэглэмд шилжиж, иргэд 90 хувийн дэглэмийн гүйцэтгэлтэй байна.

-Сүхбаатар сумынхаа болон хилийн боомт дахь Алтанбулаг сумын нийт хүн амыг түргэвчилсэн оношлуулаар оношлох ажлыг эхлүүлэн 3 дахь өдрөө үргэлжилж байна.  

-Мөн олон ажилтан албан хаагчидтай, ажил үүргээ гүйцэтгэн ажиллаж байгаа Цагдаа, Онцгой, Гааль, Цэргийн ангиуд, Төмөр зам, “Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГ болон арын албанд ажиллаж байгаа нийт   албан хаагчдыг эрт илрүүлгийн оношилгоонд тогтмол хамруулж байна.  

-Иргэдэд эрүүл мэндийн заавар зөвлөмж өгөх тусгай дугаарын утсуудыг 24 цагаар ажиллуулж байна.

-Сүхбаатар суманд эмийн сангийн хүргэлтийн үйлчилгээг хувийн хэвшлийн 2 эмийн сангаар дамжуулан 24 цагаар үйлчилж байна.

-Сүхбаатар сумын ундны ус түгээх худгуудаас гэр хорооллын иргэд үнэ төлбөргүй усаа авах зохицуулалтыг хийлээ.

-Аймгийн төвийн хэмжээнд түлээ, нүүрсийг захиалгын дагуу хүргэлтээр хүргэх үйлчилгээг өнөөдрөөс эхлүүлж байна.  

-Аймгийнхаа 17 сум, 6 тосгоны хүнсний нөөцийг бүрдүүлэх, хангамжийг тасалдуулахгүй байх, аймгийн хэмжээнд өрнүүлж буй “Идэш” арга хэмжээг сум сумандаа хэрхэн зохион байгуулах, сумдад тулгарч буй асуудлуудад гарц шийдэл олох үүднээс 17 сумын Онцгой комисстой цахимаар холбогдож, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Аймгийн хэмжээнд хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон 31 хяналтын цэг, Сүхбаатар сумаас орж, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих 15 цэг, хөдөлгөөнт эргүүлийн 53 чиглэл, гэрийн тусгаарлалтын хамгаалтад нийт 409 албан хаагчид үүргээ гүйцэтгэн ажиллаж  байна. 

Тусгаарлах 12 байранд 239 иргэн, гэрийн тусгаарлалтад 44 иргэн, нийт 283 иргэн байна. Тусгаарлах байрны хамгаалалтад Цагдаа, Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Сүхбаатар сумын 8 багийн 9 цэгт иргэдээс сайн дурын шинжилгээ өгөх ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 9772 иргэн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаад байна. Шинжилгээ авах үйл ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа тул шинжилгээнд хамрагдаагүй иргэн та гэрийнхээ хамгийн ойрын шинжилгээ авах цэгт очиж шинжилгээгээ өгөх таны үүрэг гэдгийг онцгойлон сануулъя.

Нийт иргэд та бүхэндээ халдвар хамгааллын дэглэмээ чанад сахиж мөрдөн бүгдээрээ эв эетэй нэгдмэл нэг баг болон ажиллаж энэ цар тахлыг даван гаръя гэдгийг уриалж хэлье.

Та бид чадна аа. Амжилтын үндэс эмх цэгц байдаг учир бүх нийтээрээ дэг журамтай, эмх цэгцтэй байцгаая.