ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШИЛГООНД 21.564 ИРГЭН ХАМРАГДААД БАЙНА

11 дүгээр сарын 24-ний өдрийн аймгийн Онцгой комиссын мэдээллийг аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ш.Оргил өглөө.

Сүхбаатар, Алтанбулаг, Мандал сумдынхаа бүх иргэдийг урьдчилсан шинжилгээнд бүрэн хамруулах үйл ажиллагааг идэвхитэй хийж байна.

Сүхбаатар сумын иргэдийг оршин суугаа багуудын гол гол байршлуудад өнөөдрөөс буюу 23-аас эхлэн  явуулын шинжилгээ авах багуудыг ажиллуулж эхэллээ.

Энд нэг зүйлийг онцгойлон анхааруулж жишээ баримттай хэлье. Учир нь Сүхбаатар сумын иргэн “А”  дөрөв хоногийн өмнө гэр бүлийн гишүүдийн хамт шинжилгээ өгөхөд зөвхөн А-ийн  хариу нь эерэг гарч  одоо ХӨСҮТ-д эмчилгээнд орсон байгаа.

 Гэтэл түүний гэр бүлийн бусад 3 гишүүн иргэн А-аас 4 хоногийн дараа дахин шинжилгээ өгөхөд эхний сөрөг гарсан хариу эерэг гарч байх жишээтэй байна. Иймээс бид бүх иргэдээ шинжилгээнд хамруулах ажлыг эрчимтэй явуулж байна.

Бид дахин хэлэхэд энэ бол хэнд ч хэлж ирдэггүй, хийсч ирдэг аюулт өвчин. Гэмт хэрэг биш учир иргэн та гэрийн хорионы дэглэмээ мөрдөж ариутгалыг өндөр түвшинд сайн сахихыг зөвлөж, уриалж байна.

Батлагдсан 98 тохиолдол нь

Алтанбулагт-2

Мандалд-3

Сүхбаатарт-93 бүртгэгдээд байна.

Иргэдийн хүсэн хүлээгээд байгаа шиг баг, гэрийн хаяг, нэр, устай нь хэлэх боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

11 сарын 22-ны байдлаар түргэвчилсэн оношилгоонд 21.564  иргэн хамрагдаад байна. Батлагдсан болон сэжигтэй тохиолдлын хавьтал, тандалтын баталгаажуулах шинжилгээг /PCR/  644  иргэнд хийлээ. Өссөн дүнгээр 2387 хүнийг баталгаажуулах шатны шинжилгээнд хамрууллаа.

Тусгаарлалтын 17  байранд  273 иргэн ажиглалтад байна.

Аймгийн нэгдсэн эмнэлгт 35 ортой коронавирусийн эмчилгээний тасгийг ажиллуулах бэлтгэлийг хангалаа.

Улаанбаатар хотоос 10.0 мянган түргэвчилсэн оношлуурын тест татан авч нөөцөө бүрдүүлээд байна. 

Аймгийн хэмжээнд хүнсний хангамжийг тасалдуулахгүй байх, нөхөн хангалт хийх бүхий л арга хэмжээг Дархан-Уул аймгийн онцгой комисстой хамтран хийж байна.

Иргэдэд нэн тэргүүнд шаардлагатай гурил, будаа, ургамлын тос, цай, давс гэх мэтийн өргөн хэрэглээний барааг татах ажлыг зохион байгуулж байна.

Алтан тариа ХХК-тай хамтран ойрын сумдад гурил хүргэх ажлыг эхлүүлээд байна.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орц, гарцыг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг тогтмол  хийж байна.

Алтанбулаг, Мандал сумдад хяналт шалгалт, тандалт судалгаа, ариутгалын ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Мандал сумын тухайд 3 явуулын баг ажиллаж иргэдээс түргэвчилсэн шинжилгээг авч байна. Түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 456 иргэн, PCR-ийн шинжилгээнд 233 иргэнийг хамруулж, ойрын хавьталын 70, дам хавьталын 37 иргэний тогтоож тусгаарлах байр болон гэрийн ажиглалтанд хянаж байна.

Алтанбулаг суманд мөн шинжилгээний багийг ажиллуулж байна.