19328 ХҮН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ОНОШИЛГООНД ХАМРАГДААД БАЙНА

2020-11-22-ны өдрийн аймгийн Онцгой комиссын ээлжит мэдээллийг Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил өглөө.   

Онцгой анхаарал татсан буюу цар тахлын голомт байж болзошгүй Сүхбаатар, Алтанбулаг, Мандал, Баянгол, Сайхан сумдын иргэдээ түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажил эрчимтэй явагдаж байна. Эдгээр сумдын 19328 хүн эрт илрүүлгийн оношилгоонд хамрагдаад байгаа мэдээтэй байна. Үүнийг сум сумаар нь тодруулж хэлбэл: Сүхбаатар суманд 13485, Алтанбулаг суманд 1717, Мандал суманд 3483, Баянгол суманд 214, Сайхан суманд 429 иргэн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаад байна.

Зочид буудал 8, цэцэрлэг 2, дотуур байр 5, АНЭ-ийн эмнэлгийн Халдвартын тасаг  нийт 16 ажиглалтын байранд 252 хүнийг ажиглалтанд авч 12 эмч эмнэлгийн ажилтан ажиллаж байна. 

11-р сарын 21-ны байдлаар 19328 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 70 эерэг тохиолдол гарсныг баталгаажуулах шинжилгээнд оруулж батлагдсан тохиолдлуудыг Халдварт өвчин судлалын үндэсний төврүү шилжүүллээ. 

Батлагдсан болон сэжигтэй тохиолдлын хавьтал тандалтын баталгаажуулах шинжилгээ /PCR/-г  11-р сарын сарын 21-нд 504 хүнд хийсэн ба 1743 хүнийг баталгаажуулах шатны шинжилгээнд хамруулахад 77 өвчлөл бүртгэгдсэн.  Өвчтөнүүдийг цаг алдалгүй Халдварт өвчин судлалын үндэсний төврүү тээвэрлэж эмчилгээ, хяналтад орсон.

Нийт  батлагдсан 77 тохиолдлын 41 нь түргэвчилсэн оношлуураар,  36 нь  өвчтөний ойрын хавьтлаас тандалтаар илрүүлэгдсэн. 

 

2020 оны 11-р сарын 22-нд  онош батлагдсан  19 сэжигтэй, 2 тохиолдлыг ХӨСҮТ –рүү 11.00 цагт тээвэрлэж байна.

Явуулын тандалт шинжилгээний баг Сүхбаатар өртөөний хөдөлгөөн, ачаа тээвэр, буудлын цехийн 144 ажилчидын  PCR шинжилгээнд хамрагдаагүй 114 хүний судалгааг гаргаж  75 хүнийг шинжилгээнд хамрууллаа. 

Оношлогооны 28 цэгт 88 хүний бүрэлдэхүүнтэй баг түргэвчилсэн оношлуураар шинжилгээ аван ажиллаж байна. Халдваргүйтгэлийн  явуулын 5 баг газар дээр нь түргэн шуурхай дотор талбайн болон орчны болон халдваргүйтгэлийг хийж байна.

Иргэд та бүхэн өвчлөл илэрч байгаад айж сандарч эмзэглэхгүй байхыг хүсье. Өвчнийг эрт илрүүлж шинж тэмдэггүй байх үед түргэвчилсэн байдлаар оношилж, эх уурхайг яаралтай тусгаарлаж эмчилгээнд хамруулж байгаа нь өвчний хүндрэлээс сэргийлэхээс гадна өвчний эмчлэгдэх хугацаанд ихээхэн нөлөөтэй болохыг та бүхэн сайн ойлгоорой.

Энэ өвчин бидний дунд чимээгүй тархсан байгааг харин маш хурдан бид ХАМТЫН ХҮЧЭЭР илрүүлэх шаардлагатай байна. Өвчлөлийн ойрын хавьталууд болон нийт иргэд маань хөл хорионыхоо дэглэмийг сайтар
баримтлан бидний ажилд туслан хамтран ажиллан гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Иймд одоо шинжилгээгээ өгөөгүй байгаа иргэн та өөртөө аль ойрхон байгаа цэгт очиж шинжилгээгээ өгөх үүрэгтэй гэдгээ ухамсарлаж иргэний үүргээ биелүүлэхийг анхааруулж байна.

Аймгийн Онцгой комисс хүн амынхаа дунд тархалтын байдлыг тодорхойлох, цааш дэлгэрүүлэн алдахгүй байх ажилдаа гол анхаарлаа хандуулж, зохион байгуулалтын дараах  арга хэмжээг авч ажиллаж байна. Иймээс та бүхэн аль болох гэр, гэртээ байж ариун цэврийн дэглэмээ сайн сахих шаардлагатай байна.

Гэрийн ажиглалтад  23 иргэн тусгаарлагдаж байна. 

Ариутгал халдваргүйтгэл:

Аймгийн хэмжээнд голомтын халдваргүйжүүлэлт, нийтийн эзэмшлийн зам талбай, байрны орц, хонгил, гадна талбай, хүнсний худалдааны газруудад нийт 498,7 мянган м2 талбайг ариутган халдваргүйжүүллээ. Ариутгалын ажил аймгийн хэмжээнд үргэлжлэн хийгдэж байна.

Мөн түргэвчилсэн оношлуурийн сорьц шинжилгээ хийж буй цэгүүдийн талбайд  бүрэн халдваргүйтгэл хийн ажиллаж байна.  

Хяналт шалгалтын мэдээ:

Мэргэжлийн хяналтын газраас хүнсний худалдааны 227 объектод төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийлээ.

Аймгийн хэмжээнд хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон хяналтын цэгүүдэд, Сүхбаатар, Мандал сумаас орж, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих  цэгт, явган эргүүлд хууль хяналт, төр төсвийн байгууллагын  570 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Аймгийн Онцгой комиссын 7036-3684 дугаарын утсаар 1378 иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн санал хүсэлтийг хүлээн авч, Монгол Улсын Засгийн газар, Улс, аймгийн Онцгой комиссоос хэрэгжүүлж буй ажил, шийдвэр, зохион байгуулалтын талаар танилцуулан заавар зөвлөмж өгч, холбогдох шийдвэрүүдийг гарган ажиллуулж байна.

Мандал суманд:

Мандал сумын Онцгой комиссын шуурхай штабт гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 104 ажилтан, алба хаагч, 24 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна. Түргэвчилсэн оношлуураар 4331 иргэн,  PCR шинжилгээнд 79 иргэнийг хамруулаад байна. Мандал сумын хэмжээнд тохиолдлын ойрын хавьтагчдыг олж тогтоох, тусгаарлах,  тархалтыг цааш алдалгүй яаралтай таслан зогсоох бүхий л үйл ажиллагааг одоо ч үргэлжилж байна.

Улаанбаатар хотоос Зооноз өвчин судлалын Үндэсний төвийн 3 эмч, сувилагч, явуулын PCR шинжилгээний лабораторийн автомашин тус суманд ажиллаж байна. Явуулын лабораториор 11 дүгээр сарын 21-ний шөнийн 02:00 цагаас PCR шинжилгээний ажлыг эхлүүлээд байна.

Ажиглалтын байрны бэлтгэл хангуулсан байдал:

Мэргэжлийн хяналтын газраас тусгаарлан ажиглах байрнаас гарч буй энгийн болон аюултай хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн байдалд хяналт тавин ажиллаж байна.

Иргэд та бүхэн Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг биелүүлж, сонор сэрэмжээ дээшлүүлэн, аюулт тахлаас өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалах нь таны үүрэг гэдгийг онцгойлон анхааруулъя.