УОК: ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУДЫН 70 ХҮРТЭЛХ ХУВИЙГ ГЭРЭЭС НЬ АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

УОК-оос аймаг, нийслэлийн онцгой комиссын дарга нарт яам, агентлаг, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын ажилтнуудын 70 хүртэлх хувийг гэрээс нь ажиллуулах тухай чиглэл өглөө.

Тодруулбал коронавируст цар тахлаас сэргийлэх, ДЭМБ болон бусад орны туршлага, зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд дараах чиглэлийг  өгсөн байна. Үүнд:

1. Яам, агентлаг, төрийн байгууллагууд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед ашиглах тусгаарлах өрөөг бэлтгэж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллах. 

2. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан яам, агентлаг, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 30 хүртэлх хувийг ажлын байранд нь ажиллуулж, бусад ажилтныг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, зохион байгуулалт хийх чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.