КОВИДЫН ХАЛДВАРЫГ АЙМАГТАА ЭМЧИЛСНЭЭС ХОЙШ 14 ХОНОГТ НИЙТ 8 ӨВЧТӨН 2 ДАХЬ ДАВТАН ШИНЖИЛГЭЭГЭЭ ӨГЧ ХАРИУ СӨРӨГ ГАРЛАА

-Эрүүл мэндийн яам, ХӨСҮТөвийн өнөөдрийн мэдээллээр Сэлэнгэ аймагт вирусын тохиолдол бүртгэгдээгүй сайхан мэдээг та бүхэн сонслоо.

-Энэ бол та бидний хамтран хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн. Ялангуяа Алтанбулаг, Сүхбаатар сумын иргэд 1 минут ч тайвширч, анхаарал болгоомжоо сулруулж болохгүй гэр, гэртээ байж бидний ажлыг дэмжиж, иргэний үүргээ биелүүлснээр 0 гэсэн тоо олон хоногоор үргэлжилнэ.

-Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, хатуу хөл хорионы дэглэм” Сүхбаатар, Алтанбулаг сумдуудад өнөөдөр хэвээр мөрдөгдөж байгаа учир  энэ 2 сумын иргэд гадуур гарахгүй байх хэрэгтэй байна.

-Аймгийн Онцгой комисс ч коронавирусын халдвар 0 боллоо гэж ажлаа сулруулаагүй, эхнээсээ гарч байгаа энэ үр дүнгээ бататгах үүднээс төлөвлөгөөт ажлуудаа үргэлжлүүлээд ажиллаж байна.

-Ковид 19 халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуур шинжилгээнд Сүхбаатар суманд 19.2 мянга, бусад сумдуудад 21.6 мянга, нийт 40.8 мянган иргэдийг  хамруулаад байна.

-Сумдын бүсчилсэн цэгүүдэд 469 иргэдийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулж, зорчих хөдөлгөөнд оролцууллаа.

-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Ковид”-ын тасагт эмчлүүлж буй 20 өвчтөний биеийн байдал хөнгөн, эмчилгээ хэвийн үргэлжилж байна. Хүүхэд-5, насанд хүрэгсэд-15 байна. Ковидын халдварыг эмчилснээс хойш 14 хоногт нийт 8 өвчтөн 2 дахь давтан шинжилгээгээ өгч хариу сөрөг гарлаа.

-Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг судлах, эцэслэн тогтоох чиглэлээр цагдаа, тагнуулын байгууллага хамтран ажиллаж, тандалтын багт мэдээллийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Ойрын хавьтал 1447, дам хавьтал 935, нийт 2382 хавьтлыг тогтоон тандалт судалгааны ажил үргэлжилж байна.

-Аймгийн хэмжээнд 10 ажиглалтын байр, 1 тусгаарлах байранд 111 иргэд хяналтад байна.

-Улсын Онцгой комиссын зөвшөөрлийн дагуу Алтанбулаг автозамын боомтоор 15 Монгол жолоочийг татан авч Дархан-Уул аймагт  тусгаарлалтанд оруулсан.

-Сүхбаатар өртөөний  шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 12 галт тэрэгний 547 вагон, 24  ажилтныг шалган нэвтрүүллээ.

-Сүхбаатар өртөөний ачаа тээврийн цех, захиргааны хэсэг, вокзал, өртөөний байр, амрах байр, Авто тээврийн газар, Автобус, Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтод нийт 2400 м2 талбайд голомтын болон эцсийн халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна.

-Иргэд та бүхэн хувийн болоод гэр бүлийн ариун цэвэр, ариутгал халдваргүйжүүлэлтээ сайн хийж иргэн бүр сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ТА БИД ХАМТДАА ХИЧЭЭЖ БАЙЖ САЙХАН ЦАГИЙГ АВЧИРНА ГЭДГИЙГ ИРГЭН БҮР ОЙЛГООРОЙ.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС