БРИГАДЫН ГЕНЕРАЛ Б.УУГАНБАЯРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Онцгой байдлын ерөнхий газрын гамшгаас урьдчилан сэргийлэх газрын сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Д.Батжаргал, Мал эмнэлгийн ерөнхий газрын улсын ахлах байцаагч Л.Нямхүү, Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Э.Энх-Амгалан, Гамшгийн шуурхай удирдлагын газрын мэргэжилтэн, ахмад М.Мөнгөнбарьяа нар ажиллаж байна.
Тус ажлын хэсэг нь Монгол Улсын Шадар сайдын Сэлэнгэ аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 5 дугаар сард зохион байгуулах бэлтгэл ажлын явц, Мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын сарын аяны хүрээнд авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээтэй танилцаж, аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн шуурхай хуралдааныг зарлан хуралдууллаа. Өргөтгөсөн шуурхай хуралдаанд аймгийн Онцгой комиссын гишүүд танхимаар, сумдын Онцгой комиссын гишүүд цахимаар хамрагдлаа.
Аймгийн Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Эрүүл мэндийн газар, Алтанбулаг Боомтын зөвлөлийн дарга нар нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцууллаа.
Ажлын хэсгээс цаашид салбар хоорондын харилцан уялдаа холбоог сайтар ханган иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах, дархлаажуулалтын аяныг богино хугацаанд үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо.