- Аймгийн тухай
- Удирдлага
- ТАЗС зөвлөл
- Мэдээ
- Нийгэм, э/з
- Ил тод байдал
- Шилэн данс
- Нээлттэй аймаг
Нийгэм, э/з
Сэлэнгэ аймагт зохион байгуулж буй гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяртай ярилцлаа.
-10 жилд нэг удаа зохион байгуулдаг энэхүү сургууль цар тахлын дараах нөхцөл байдалд, газар тариалангийн гол бүс нутагт болж байна. Энэ удаагийн сургуулийн онцлог юу байна вэ?
-Өнөөдөр өглөө 6.00 цагт аймгийн удирдах бүрэлдэхүүн, онцгой комиссын гишүүд, мэргэжлийн ангийн дарга нарт яаралтай цугларах түгшүүрийн дохио өгч, тус аймагт тохиолдож болзошгүй ялангуяа газар хөдлөлтийн эрсдэлтэй холбоотой цагийн байдал өгсөн. Үүгээр команд штабын сургууль эхэлсэн. Энэ удаагийн сургууль гамшгийн удирдлагын шинэчлэлтэй холбоотой явагдаж буйгаараа онцлогтой.
Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Монгол Улс коронавирусний халдвартай тэмцэхэд бид шуурхай штаб байгуулан ажилласан. Үүнийг шуурхай штаб гэж бид нэрлэж байгаа боловч үндсэндээ онцгой байдлын үйл ажиллагааны удирдлагын төв гэж олон улсын нэршилтэй байдаг. Энэ төвд яг голомтдоо ажиллаж байгаа хүмүүсийг ослын голомтод байна гэж нэрлэдэг. Энэ чиглэлээр түлхүү команд штабын сургалтаа явуулж байна. Тэгэхээр ослын удирдагч бол ослын голомтдоо ажиллаж бүх мэдээ мэдээллийг цуглуулна. Хариу арга хэмжээ авна. Хоорондоо уялдана, ажил төрлөө ярина. Төлөвлөлтийн хурлуудаа хийнэ. Дээр нь онцгой байдлын ажиллагааны төв бол ослын удирдлагын түвшинд гарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдэх мэдээллийн менежмент, мөн нөөцийн менежментийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй байдаг. Энэ чиглэл рүүгээ бид команд штабын сургуулиа зохион байгуулаад явж байна.
Гэнэтийн газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед бид яаж ажиллах, юунаас эхлэх, ямар дарааллаар явах, ажиллагааны зураг гэж юу юм. Түүнийгээ хэрхэн боловсруулдгийг биечлэн, дахин дахин хийж үзэж байна. Биеэр хийж байгаа дадлага сургууль хүний ой ухаанд хоногшоод үлдчихдэг. Хожмоо хэдэн жилийн дараа яг тэр сургууль болоход бид ингэж хийж байсан, тэгж оролцож байсан гэх мэт дадал сэргэдэг. Ийм учраас стандартынх нь дагуу зааж өгөхийн тулд бид их шаргуу ажиллаж байна.
-Энэ сургуулийг аймгийн гамшгаас хамгаалах ажлын төлөвлөгөөтэй уялдуулан явуулдаг уу?
-Бид аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг үзсэн. Энэ төлөвлөгөөнд газар хөдлөлттэй холбоотой зарим асуудлыг орхигдуулсан байна лээ. Үүнийгээ газар дээр нь боловсруулаад, шинэчлээд, бичээд явж байна. Үнэхээр шөнийн цагт гэнэт газар хөдлөлт болсон үед та нар ажил дээрээ бус орон гэртээ байна. Иймээс ямар байгууллага ямар чиг үүрэг хүлээх. Бүх холбоо тасарсан, цахилгаан байхгүй нөхцөлд яаж зарлан мэдээллийг хүргэх ёстой. Засаг дарга яаж үүрэг өгдөг, дотор нь ажиллаж байгаа мэргэжилтнүүд, төрийн албан хаагчид яг юуг, ямар дарааллаар хэрэгжүүлэх, ослын голомтод ажиллах хүмүүс гэж хэнийг хэлээд байгаа юм. Тэр хүмүүс ямар мэдээлэл цуглуулдаг, ямар ажиллагаа явуулдаг, хоорондоо хэрхэн уялддаг юм гэх мэт. Эндээс цаашлаад улсын түвшинд байгаа гамшгаас хамгаалах шуурхай удирдлагын газар, зарлан мэдээлэх төвтэй яаж уялдах ёстой, тэндээс ямар чиглэл ирэх, ямар баримт бичгүүд гардаг юм. За тэгээд ажиллагааны зураглалаа иж бүрэн зураад, тактикийн зөвлөлдөх уулзалтын хурлууд гэж юуг хэлэх, тактикийн төлөвлөгөө гэж юуг хэлдэг юм. Яаж үе шаттай холбогдох арга хэмжээнүүдийг авдаг юм бэ гэх зүйл болгоныг нэг бүрчлэн багаас нь хэлж, ярьж байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд шуурхай штабт ажилласан туршлага бий. Цаашдаа энэ гамшгийн удирдлагыг яаж боловсронгуй болгох, төрийн байгууллага хоорондын ажлын уялдааг хэрхэн сайжруулах. Төлөвлөлтийн бичиг баримт гэж юу юм. Төлөвлөчихөөд хэрхэн хэрэгжүүлэх, түүн дээрээ тулгуурласан сургамж дүгнэлтээ яаж боловруулах, бодит байдал руу хэрхэн ойртох вэ. Ямар нөөц, хүч хэрэгсэл байх юм гээд энэ бүгдийг бодитоор нь ярья, бодитоор төлөвлөе гэж хичээж байна.
Төлөвлөгөөнд тусгачихсан ажлаа зохион байгуулах гэтэл хүн ч олдохгүй, машин техник ч байхгүй, удаад байдаг. Ийм зүйл их гардаг. Иймээс энэ бүхнийг арилгах ёстой. Стандарт ажиллагааны журмаа эхнээс нь цэгцтэй болгох хэрэгтэй. Тухайлбал ОББ-ын дуудлага хүлээн авагчийг төсөөлөөд талбай дээр ширээ, сандал тавиад “энэ хүн бол 24 цагийн жижүүрлэлттэй байна. Гэтэл шөнөөр гамшиг тохиолдоход эхний ээлжинд биднийг холбож өгөх, хариу арга хэмжээ авах хүн бол энэ. Мөн үүнээс гадна Цагдаагийн байгууллагын жижүүрийн офицерүүд, төрийн цэргийн байгууллагын офицерүүд байдаг. Сургалтын явцад аймгийн удирдлагуудын зүгээс шинэ арга хэлбэрүүдийг хэлж байна. Өөрсдөө нэг юманд баригдчихаад, түүндээ тулгуурлаад түүнээс нь арай өөр болохоор ажиллаж чадахаа больчихдог, уян хатан бус зүйлүүдийг болиод өөрсдөө сэтгээд, төсөөлөөд үзэхийг шаардаж байна.
Гэр бүлийн хүмүүс газар хөдлөлтөд өртсөн байвал яах вэ? Дараа та өөрөө ямар чиг үүрэг хүлээх юм. Үүнийгээ бодож байгаад хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах ёстой. Иймээс амьдрал руу нь орсон. Өөрийнх нь ажил амьдралтай холбоотой зүйлийг хөндөж тавиад байгаа юм. Тэр бэлэн байдлынхаа төлөвлөгөөг сайжруулаад авчих юм бол энд өөрөө суугаад өөрөө төлөвлөгөөгөө гаргаад, өөрөө тооцоод харилцан ажиллагаа зохион байгуулаад өөрөө гардан хөлс хүчээ зарцуулсан байхад хожмоо яг өөрийнх нь хийсэн бүтээгдэхүүн учраас ямар ч саад тотгор тулахгүйгээр ажиллаад явах бүрэн боломжтой. Сүхбаатарын талбай бол аймгийн удирдлагууд, бусад хүмүүсийн ирж цугларах талбай юм. Заавал зарлан мэдээлэлгүйгээр, ямарваа нэгэн аюул осол тулгарахад энд цугларах ёстой шүү гээд өөрсдөө шууд ирдэг байх ёстой. Холбогдох хүмүүстэй холбож өгдөг. Тусалдаг, дэмждэг, өөрийгөө хамгаалдаг байх. Энэ албан тушаал гэдэг чинь тухайн үедээ энэ ажлыг хий гэж хариуцлага л ноогдуулж өгч байгаа болохоос насан туршийн өөрийнх нь өмч хөрөнгө биш шүү дээ. Хүн бол насан туршдаа хүн л байдаг. Хүн гэдэг талаас өөрийнхөө аюулгүй байдлыг, өрхийнхөө аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах юм. Дээр нь албан тушаалтнууд хариуцлагатай байгаад, ажлаа хэрхэн төлөвлөх юм. Яаж зохицуулах юм гээд маш чухал асуудлуудыг ярьж байна.
-Сая мэргэжлийн байгууллагуудын жигдэрсэн байдалтай танилцлаа. Өчигдөр удирдлагуудын марш үйлдсэн. Сургалтын үр дүн харагдаж байв уу?
-Сая 10.00 цагт нээлтийн ажиллагаагаа зохион байгуулсан. Манай мэргэжлийн ангиудын жигдрэлт санасныг бодвол маш сайн байна. Би дутагдалтай зүйлийг олж харж чадсангүй. Энд бэлтгэл хийж байхад би ерөөсөө оролцоогүй. Орон нутаг өөрсдөө хий. Юм болгоны өмнө нь ороод заагаад л яваад байдаг. Ингэхээр хүн идэвхгүй байдалд орчихдог. Хариуцлагыг ерөөсөө өөрт нь үүрүүлж, үүрэг өгье. Ажлаа яаж хийдгийг нь харъя гэж үзсэн. Мэргэжлийн ангийн жигдрэлт маш сайн, өөлөх юм алга. Хүн ганцаараа байсан бол хамт олноороо, өрхөөрөө, сумаараа, аймгаараа нэгдэж байж, энэ хүндрэлтэй зүйлийг даван туулна. Өчигдөр удирдлагуудыг аваад 7 км марш үйлдлээ. Яг бороон дунд бид шалба норсон. Сумын удирдлагууд ярьж байна. Үнэхээрийн аймаг, орон нутгийнхаа нэгжийн болон газрын дарга нартай хамтраад явж байхад хүн хоорондын харилцааны асуудалд дэвшил гарлаа гэж ярьсан. Энэ бол бидний тактик. Аль болох хамт олныг бүрдүүлэх, бие биедээ туслах, бие биенээ орлодог, байгууллагын онцлогоо мэддэг байх хэрэгтэй. Энэ асуудал чинь бидэнд ус агаар мэт хэрэгтэй байгаа. Тийм учраас бид ийм олон үе шаттай дадлагыг хийгээд байгаа юм. Хүн маш өндөр ачаалал аваад ажиллахад бие бялдрын болоод сэтгэл зүйн хувьд тэсвэр хатуужилтай болдог. Дарга гэдэг хүн маш том үүрэг хариуцлага хүлээдэг. Иймээс үүнийг энэ сургуулийнхаа төлөвлөгөөнд оруулаад үе шаттай хийгээд байгаа юм шүү гэдгээ тайлбарласан. Бүгд ойлгож байна. Эхнээсээ суруулийн маань барьж байсан бодлого биелэлээ олоод явж байна. Удирдлагууд бие бялдар, сэтгэл зүйн өгсөн даалгаврыг амжилттай давлаа. Одоо бид тогтолцооны хувьд ямар түвшинд байх, яаж уялдах, яаж мэдээллээ цуглуулах гээд олон асуудал цаашдаа яригдаад явна.
-Ажиглаад байхад энэ удаа сургалтыг маш түлхүү хийж байна. Оюуны чиглэлд онцгой анхаарав уу?
-Нэгдүгээрт удирдлагуудад зориулсан сургалтыг команд штабын сургууль гэдгээр хийж байна. Аймгийн төлөвлөгөөнд тусгагдаагүй олон асуудлыг одооноос эхлэн протокол гарган бичиж байна. Дараа нь бүгдээрээ үүнийгээ батална. Аймгийн Засаг дарга захирамж гаргана. Онцгой байдлын ажиллагааны төв, ослын удирдлагын систем гэдгийг төдийлөн сайн ойлгоогүй байгаа. Энэ хэддээ тайлбарлаж л байна. Таны асуудаг оюуны чиглэлд гэдэг зөв. Ерөөсөө өөрсдөө бод, сэтгэ, ажилла. Бид өөрсдөө хайрцганд орчихоод байна. Олон талаас нь, амьдралтай сэтгэ. Өөрийгөө хүн талаас нь бод. Ингэж байж энэ төлөвлөгөө чинь гарна гэсэн онцлогоор явж байна. Хоёрдугаарт ард иргэд рүү хандсан сургалтыг маш сайн явуулсан. Өмнөх сургалтуудын хажууд 8700 гаруй хүн сургалтад хамрагдаад байна. Энэ тоон үзүүлэлтээс харсан ч гэсэн энэ удаагийнх хүн лүү хандсан, мэдлэгээ түгээе, мэдээллээ хуваалцъя, нууж хааж хадгалаад байх шаардлага байхгүй. Энэ туршлагыг аль болох олон хүнд хүргэж, мэдээлснээр амь насаа хамгаална. Монгол Улсын нэг ч хүний амь үнэ цэнтэй. Тэгэхээр хүн өөрийгөө болоод өрөөлийг хамгаална, нийгмийн өмнө хариуцлага хүлээнэ. Энэ бүгдийг ярих цаг яг одоо ирж байна. Ингэж байж бид эв нэгдэлтэй, улс үндэстнээрээ том ирээдүйн төлөө урагш зүтгэнэ.
-Монгол Улсын Засгийн газраас хэмнэлтийн горимд шилжсэн үед энэхүү сургууль болж байна. Нүсэр том энэ ажлыг хэмнэлтийн горимд хийж чадаж байна гэж та бодож байна уу?
-Чадаж байна. Та энэ талбай дээр мэргэжлийн машин техник гарч ирээгүй байгааг харж байна. Тэд гарч ирэхэд шатахуун хэрэглэнэ. Шатахуун хэрэглэхээр мөнгө гарна. Иймээс бүх машин, техникээ обьект дээрээ байлга. Өөрсдөө аранзаа үүрээд явган хүрээд ир. Булчин шөрмөсөө ажиллуул гэж үүрэг өгсөн. Нөгөө талаас эрүүл мэндэд хэрэгтэй. Явган алх, энэ бол хамгийн наад зах нь эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх тактикаар явж байгаа ажил.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
Ч.Отгонцэцэг