ТОМИЛГООТ БҮРЭЛДЭХҮҮН БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛАА ШАЛГУУЛАВ
Манай аймагт “Гамшиг, онцгой байдлын үеийн бүх шатны удирдлагын харилцан ажиллагаа, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн төлөвлөлт, бэлэн байдал, хариу арга хэмжээ, иргэн, хуулийн этгээдийн аюулгүй амьдрах ухааны мэдлэг, ойлголт” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо.
Нээлтийн арга хэмжээнд Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, ОХУ-ын Онцгой байдлын яамны БНБУ-ын Хиагтын районы Гал түймэртэй тэмцэх ангийн дарга Олег Туаев, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан нарын удирдлагууд оролцов.
Түүнчлэн аймаг, сумдын Онцгой комисс, Хилийн цэргийн ангиуд, орон нутгийн гамшгаас хамгаалах 13 алба, мэргэжлийн 19 ангийн нийт 480 гаруй томилгоот бүрэлдэхүүн бэлтгэл, бэлэн байдлаа шалгууллаа.
Энэ удаагийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн бүх шатны удирдлагын шийдвэр гаргах, гэнэтийн удирдлагын тогтолцоогоор ажиллуулах, эрсдэлийн үнэлгээ хийх, холбоо зохион байгуулах, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн бэлэн байдлыг хангуулах, төлөвлөлтийг бодит байдалтай уялдуулан тодотгох, турших, харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах, хүч хэрэгслийн нөөцийг тодорхойлох, иргэд, олон нийтийг сургаж дадлагажуулах, арга зүй эзэмшүүлэх, судалгаа шинжилгээ хийхэд чиглэгдэж байна.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өгөгдсөн цагийн байдлын дагуу бүлгээр ажиллах дадлагаар үргэлжилнэ.