“Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөний нээлт болов
Өнөөдөр “Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөн нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд аймгийн удирдлагууд, хэлтэс, агентлагийн дарга нар, сургууль, цэцэрлэгийнхэн оролцлоо.
 
 
“Ногоон-Сэлэнгэ” хөдөлгөөнийг нээж аймгийн Засаг дарга С.Бүрэнбат хэлэхдээ: “Та бүхэндээ ургамал, мод урган төлжиж, байгаль дэлхий өнгөө засаж, хүн малын зоо тэнийж сэтгэл сэргэж буй хаврын адаг сарын шинийн 15-ны энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Өнгөрсөн онд “Сэлэнгэ-Ногоон бүс” хөтөлбөрийг боловсруулан гаргаж, Сэлэнгэчүүд та бүхнийхээ идэвхитэй оролцоо, сэтгэл зүтгэл, хамтын үр нөлөө, хүчин чармайлтаар “Ногоон-Сэлэнгэ” хөдөлгөөнийг өрнүүлсэн. Энэ ажлын хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, айл өрх, аж ахуйн нэгжүүдийг хамруулан нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах ажлыг зохион байгуулснаар 17 сумын 407 аж ахуйн нэгж, 5952 иргэн 318130,2 м2 талбайд цэцэрлэгжүүлэлт хийж, 160576 ширхэг мод, бут, сөөг тарьж ургуулан хамгаалалтанд аваад байна. “Ногоон-Сэлэнгэ” хөдөлгөөнийг дэмжиж идэвхи зүтгэл гаргаж ажилласан Ус, цаг уур орчны шинжилгээний алба, Боловсрол соёлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 
Өнгөрсөн онд эхлүүлсэн “Ногоон-Сэлэнгэ” хөдөлгөөнөө бид үргэлжлүүлэн тарьсан мод, зүлэгжүүлсэн талбайгаа арчилж, хамгаалах ажлыг энэ жил хийхээр төлөвлөн ажиллаж байна. Үүний тулд ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоо, идэвхи, үүрэг их байх болно.
 
Төв суурин газрын тохижилт, цэцэрлэгжилт, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, ойжуулалт хийх, ногоон зурвас байгуулах, уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны улмаас эрчимтэй явагдаж байгаа цөлжилтийг сааруулах зэрэг байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үүднээс хөдөлгөөнийг урьд урьдынхаас эрчтэй, хүчтэй олны анхаарал, сэтгэлд хүргэн өрнүүлж, санал санаачилгатай, сэтгэл гарган идэвхитэй оролцохыг нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууддаа уриалья” гэлээ.
 
Энэ жилийн нээлтийн үйл ажиллагааны үеэр 2014 онд аймгийн хэмжээнд зохион байгуулсан “Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөнд идэвхитэй оролцож, модны тарьц, суулгац, хашаа хандивлан Сэлэнгэ аймагт ногоон байгууламж байгуулахад хувь нэмрээ оруулсан байгууллагууд, иргэнийг аймгийн Засаг даргын “Талархал”-аар урамшуулсаныг гардуулан өгсөн.