ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД “МОНГОЛ НААДГАЙ”-ААР ӨРСӨЛДЛӨӨ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Монголын уламжлалт үндэсний спортын “Монгол наадгай” өдөрлөгийг Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газар зохион байгууллаа. Өдөрлөгт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Ерөө, Мандал, Орхон, Сайхан, Жавхлант, Сант, Түшиг, Шаамар сумд болон 6 тосгодын хөгжлийн бэрхшээлтэй нийт 120 гаруй иргэд хамрагджээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд Монгол үндэсний спорт тэр дундаа шагайгаар наадах төрлийн уралдаан тэмцээн урд өмнө болж байгаагүй бөгөөд энэхүү “Монгол наадгай” өдөрлөг нь анх удаа болсноороо онцлог байлаа. Эдгээр тоглоом наадгай нь хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлээд зогсохгүй, монгол уламжлалт тоглоомоор дамжуулан бие бялдараа хөгжүүлэх, амьдралын хэв маягаа өөрчлөх, харилцааг төлөвшүүлэх, нийгэмд оролцох оролцоог нь нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, хүүхэд залуучуудыг энэ спортод дур сонирхолтой болгох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд гол түлхэц өгч байгаа хэмээн зохион байгуулагчид хэллээ. Монгол наадгайн өдөрлөгийг Монголын үндэсний уламжлалт тоглоом шагай харвах, шагай няслах, шагай таах, морь уралдуулах, оньсон тоглоом, хөлөгт тоглоом гэсэн 6 төрлөөр зохион байгуулсан байна. Тус өдөрлөгт иргэд үндэсний өв уламжлалаа харуулсан Монгол дээл хувцастай оролцсон нь өдөрлөгийг ихэд чимсэн байв. Тэмцээний дүн гарахад Хөлөгт тоглоомын төрөл эмэгтэйчүүдээс Орхон сумын н.Лхагвасүрэн, эрэгтэйчүүдээс мөн сумын н.Дорждамба, Шагай шүүрэх төрөлд эмэгтэйчүүдээс Сүхбаатар сумын н.Отгон, эрэгтэйчүүдээс Жавхлант сумын н.Одхүү, Шагай няслах тэмцээнд Сүхбаатар сумын н.Энхмаа, Сайхан сумын н.Цогбаяр, Шагай таах  төрөлд Жавхлантын н.Ганхуяг, Сүхбаатар сумын н.Ням-эрдэнэ, Оньсон тоглоом эвлүүлэхэд  Мандал сумын н.Батсуурь, Сайхан сумын н.Буяннэмэх, Морь уралдуулахад  Мандалын н.Октябарынтуяа, Сүхбаатар сумын н.Эрдэнэбаяр нар тэргүүн байрыг эзэллээ. Багийн дүнгээр Сүхбаатар сум тэргүүлж, удаах байруудад Мандал, Сайхан сум удааллаа. Өдөрлөгийн үеэр оролцогчдод зориулж БСШУСЯ-ны БТСБ газрын ахлах мэргэжилтэн О.Гэрэл, Монгол Улсын ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газрын гадаад харилцаа мэдээллийн техналоги, статистикийн хэлтсийн дарга Н.Оюунбат, Монголын Паралимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо, Монголын Паралимпийн хорооны ажлын албаны ажилтан Н.Сүхбаатар нар сургалт семинар зохион байгуулав. Тус өдөрлөгт Сэлэнгэ аймгийн БТСГ-ын дарга Б.Баттулга, Монголын Паралимпийн хорооны Сэлэнгэ аймгийн салбар зөвлөлийн тэргүүн Ц.Энхцэцэг, паралимпийн арга зүйч Ш.Алтансүх, Ахмад мастеруудын холбооны Сэлэнгэ аймгийн салбар зөвлөлийн тэргүүн Н.Сүхбат, Харааны бэрхшээлтэй иргэдийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Ж.Ганчимэг нар оролцлоо.