С.ОТГОНЖАРГАЛ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, өөр ямар нэгэн байдлаар төрийн үйлчилгээ авч байгаа иргэдэд хөтөч маань зааж өгөх биш өөрөө бичиг баримтыг нь аваад хүссэн үйлчилгээг нь үзүүлдэг

Аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Отгонжаргалтай уулзаж, аймгийн ЭМНД-ийн ажил үйлчилгээ хэрхэн өрнөж байгаа хийгээд шинээр хэрэгжиж буй хууль, тогтоомжийн талаарх мэдээллийг иргэдэд өгөх үүднээс сонирхолтой яриа өрнүүлснээ уншигч та бүхэндээ хүргэе.

-Сайн байна уу, сайхан өвөлжиж байна уу? Танай хэлтсийн ажил үйлс нэлээд өрнөж байгаа бололтой. Нийгмийн даатгалын шимтгэлийн төлөвлөгөө хэр биелэгдэж байна. Өр авлагын асуудал энэ жил ямар шуу байна. Одоо он дуусч, ажил дүгнэх мөч хаяанд ирлээ...?
-Сайн сайн. Сайхан өвөлжиж байна. Энэ 2017 оныг манай Эрүүл мэнд нийгмийн даатгалын Ерөнхий газар болон манай хэлтсээс “Эерэг хандлага-чанартай үйлчилгээний жил” болгон зарласан. Энэ жилийн хүрээнд манай хэлтэс нэлээд ажлыг хийж амжуулсан. Сэлэнгэ аймагт өнгөрсөн 2016 онд 20 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн ажиллаж байсан бол 2017 онд орлого төвлөрүүлэх ажил нэмэгдээд 29 тэрбум болсон. 11 сарын 1-ний байдлаар 87.3 хувийн биелэлттэй байна. Бид орлогын төлөвлөгөөгөө үлдэж байгаа сард биелүүлэх зорилттой байна. Энэ жилийн хувьд яагаад орлогын төлөвлөгөө нэмэгдсэн гэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2017 оны 1 сарын 1-нээс 240 мянган төгрөг болж нэмэгдсэнтэй холбоотойгоор цалингийн сан нэмэгдэж, хоёр тэрбумын орлого нэмэгдсэн. Бид энэхүү орлогоо биелүүлэх тал дээр хэд хэдэн ажил төлөвлөн амжилттай гүйцэтгээд байна. Тухайлбал сумдын Засаг дарга нартай нийгмийн даатгалын хэлтэс, нийгмийн даатгалын байцаагч нарын гурвалсан гэрээг байгуулсан. Гэрээгээр тухайн суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэд, даатгуулагч, ажил олгогчдыг нийгмийн даатгалд хамруулах ажлыг зохион байгуулж, орлого төвлөрүүлэх тал дээр хамтран ажиллалаа. Энэ гэрээгээ хагас жилээр дүгнээд 2017 оны 6 сард аймгийн ИТХ-аар нийгмийн даатгалын шимтгэлийн зарим өр авлагыг барагдуулах арга хэмжээний тухай гэсэн 71-р тогтоол гаргуулан ажиллаж байгаа.
-Та дээр хэлсэн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байгаа байгууллагууд яагаад өрөө төлж чадахгүй байна. Цаана нь ажилчид хохирч байгаа юм биш үү. Үүнийг хэрхэн төлүүлэх арга хэмжээг авч, ажилчдад нааштайгаар шийдвэрлэж байна вэ?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдээд ирэхээр нийгмийн даатгалд  төлдөг мөнгө нь өсөөд ирдэг. Энэ байдлаас шалтгаалаад байгууллагын ашиг орлого нөлөөлөөд иймэрхүү өртэй болоод байгаа юм. Одоо манай газар тариалангийнхан энэ жил нэлээд хүнд байгаа. Мандал, Баянгол, Орхонтуул сумдууд ургац алдсан. Иймээс эд нарт санхүүгийн хүндрэл үүсч өр авлага үүсэх нөхцөл бүрдээд байна. Будаагаа борлуулаад энэ ондоо ямарч байсан өрөө төлнө гэсэн. Бидний зүгээс аль болох бизнесийг нь дэмжих ёстой. Өрийн дарамтаар барьцаалах, шантаажлах байдлыг ажил олгогч бизнес нарт гаргахгүй байгаа. Аль болох ажлаа явуулах, орлогоо олох, цалин хөлсөө тавих тал дээр боломж өгч байгаа. Тухайн байгууллагууд ашгаа олсны дараачаар манайд өрөө төлөх боломжийг олгож байна. Түүнээс биш дансыг нь хаах гэсэн муйхар бүдүүлэг аргаар ажиллах зарчмаас бид татгалзаж байгаа.
-Сайн дурын даатгалд иргэдийг хамруулах ажил хэр ахицтай явж байна?
-Сайн дурын даатгалд хамруулах ажил нэлээд сайн явагдаж байгаа. Эрүүл мэндийн даатгал төлснийхөө төлөө иргэн бүр 2 сая төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртдэг. Өөрөөр хэлбэл энэ мөнгийг оношлогоо, шинжилгээ хийлгэх, хэвтэж эмчлүүлэхэд, мөн хагалгаанд орохдоо авах эрхтэй гэдгээ мэддэггүй. Үүнийхээ хажуугаар эмнэлгийн үйлчилгээг байнга хүртдэг тухайн даатгуулагч өөрийн 2 сая төгрөгийн эрхээ дуусахад гэр бүлийн гишүүнийхээ мөнгөнөөс шилжүүлэн хэрэглэж болохоор өрхийн даатгал бий болсон. Бид эрүүл мэндийн даатгалын эхний хагас жилийн орлогын төлөвлөгөөгөө биелүүлсэн. Энэ жил “Элэг бүтэн монгол хүн” төслийн хүрээнд элэгний В. С вирус илрүүлэх ажлын хүрээнд манай аймагт эрүүл мэндийн даатгалын орлогыг тодотгож 12 мянган иргэнийг энэ онд хамруулах төлөвлөгөө ирсэн. Энэ төлөвлөгөөг 10 сарын 30-наар дүгнэж үзлээ. Ерөнхийдөө цэргийн насны эрчүүдийг бүгдийг нь эрүүл мэндийн даатгалд хамруулсан. Энэ чинь жилд хоёр удаа цэрэг татлага явагдаж байгаа учраас аймгийн Цэргийн штабтай хамтраад аймгийн дэд хөтөлбөр боловсруулсан. Элэгний В, С вирусыг энэ онд илрүүлэх, оношлох багцын үйлчилгээг орон даяр нэлээд эрчимтэй явуулж байгаатай холбогдуулан бид эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газраас тодорхой санхүүжилт авч, лабораториудын сонгон шалгаруулалтыг хийсэн. Мөн даатгалын хөнгөлөлт эдлэх эрхийн бичиг, урилга зэрэг зүйлээ хийсэн.
-Таны удирдан чиглүүлж яваа хэлтсийн үйлчилгээний чанарт хэр ахиц гарч байна. Ямар ажил арга хэмжээ зохион байгуулж байгаа талаараа сонирхуулаач?
-Бид үйлчилгээнийхээ соёл, чанарыг дээшлүүлэх ажлыг энэ онд нэлээд эрхэмлэсэн. “Үйлчлүүлэгч хаан” гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байна. Иргэдээ чирэгдэлгүй, ая тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрэн хангасан. Дээр нь нийгмийн даатгалын хууль, тогтоомжийг иргэдэд маш энгийн аргаар ойлгуулах, мэдээ мэдээллээр хангах зорилгоор хийгдсэн шинэлэг ажил маань манай үйлчилгээний чанарт нөлөөлж буй гол ажил болж байгаа. Энэ ажлаа бид шинэ түвшинд гаргаж хийсэн. Үйлчлүүлэгчийн нийгмийн даатгалаас авах үйлчилгээний нэр төрөл, хоног хугацаа шаардсан ажлуудыг богино хугацаанд газар дээр нь шийдвэрлэж байна. Өмнө нийгмийн даатгалын ажилчдын үйлчилгээ хүнд сурталтай, чирэгдэлтэй, янз бүрийн байдлаар дуугарч ядаад, ажлаа бүрэн гүйцэт тайлбарлаж өгдөггүй гэсэн гомдол ихэвчлэн ирдэг байсан. Үүнийг арилгахын тулд бид дээрх ажлыг зохион байгуулсан. Энэ маань тодорхой хэмжээнд ахиц гарч байна. Ирж байсан гомдол бүрэн арилсан гэхэд учир дутагдалтай байх. Гэхдээ бид арилгахын төлөө ажиллаж байгаа. Өнөөдөр миний өрөөнд байцаагчтай холбоотой гомдол орж ирэхээ больсон. Тэгэхээр манай ажилчдад хандах хандлага өөрчлөгдөж байна гэсэн үг. Дээр нь албан тушаалтантай харьцаж, өрөөнд нь орж үйлчилгээ авдаг зүйл байхгүй болсон. Харин сумдад байцаагч нар иргэдтэй шууд харьцаж үйлчилгээгээ үзүүлж байгаа. Аймгийн төвийн хэлтсийн хэмжээнд мэдээллийн технологи ашиглаад зөвхөн видео тайлбарыг кино үзэж байгаа юм шиг үзүүлж байна. Үүнийг хүмүүс реклам үзэж байгаа юм шиг үзээд л ойлгочихно. Заавал албан тушаалтан дээр орохын тулд очерлож, хүлээж байж орох шаардлагагүй. Орж ирсэн үйлчлүүлэгчийг манай хөтөч байцаагч угтаж аваад үйлчилдэг. Энэ маань олон зузаан хуулийг хүүхэлдэйн кино шиг, мэргэжлийн зөвлөгч нар яриагаар өгөөд хийчихсэн зүйл юм. Энэ маань дугаарладаг, очерлодог, хүнд суртлаас ангид байлгах шалгарсан арга болж байгаа юм. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, өөр ямар нэгэн байдлаар төрийн үйлчилгээ авч байгаа иргэдэд хөтөч маань зааж өгөх биш өөрөө бичиг баримтыг нь аваад хүссэн үйлчилгээг нь үзүүлдэг. Ийм үйлчилгээний соёлыг манайх нэвтрүүлээд байгаа.
-Шинээр хэрэгжиж байгаа хуулиудаасаа иргэдэд бас давхар мэдээлэл өгөөч?
-2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн хамгааллын салбарт олон шинэ хуулиуд батлагдан мөрдөгдөж эхэлсэн. Энд онцолж хэлэхэд цалинтай ээж буюу хүүхэд гаргасан ээж 3 жилийн хугацаанд сар бүр 50 мянган төгрөг авна. Энэ нь хуучнаар өлгий сүүний мөнгө гэсэн үг л дээ. Тэр ээж ажлаа хийж байсан бол энэ хугацаанд төрөөс нийгмийн даатгалыг нь хариуцна гэсэн үг. Өмнө  нь тасрах явдал байсан. Дараагийн нэг асуудал нь 2018 оны 1 сараас малчдын тэтгэвэрийн нас наашилж байгаа. Энэ нь эрэгтэй хүн 60 настай тэтгэвэртээ гардаг бол малчин хүн 55 настай гарна. Одоогоор бол журам манайд ирээгүй байна. Удахгүй 12 сарын сүүлээр ирэх байх. Түүнд малчин өрх, мал бүхий өрх гэж хэнийг хэлэх вэ, малынхаа ашиг шимээр орлого олж, өрх гэрээ тэжээж, өрхийн орлогоо бүрдүүлж байвал малчин өрх гэнэ. Энэ хүнд тэтгэвэрийг яаж олгох. Малчны үнэмлэх байна уу. Өвөлжөө, хаваржаатай юу, малын А дансанд өссөн уруудсан тоо, ашиг шимээр тооцсон тооцоо байна уу зэргийг үндэслэж байж,  тэтгэвэрийн болзол хангаж байгааг мэдэх юм. Эмэгтэй малчин хүн 50 настай тэтгэвэрт гарахаар болж байна. Яагаад малчны насыг наашлуулж жирийн даатгуулагчаас ялгаж байна вэ гэхээр малчны хөдөлмөрийг  хүнд хөдөлмөр гэж үзэж байгаа юм. Энэ хүмүүс ээлжийн амралт гэж эдэлдэггүй, өвөл, зун, халуун хүйтэн, салхи шуурга, бороо, цас бүгдэд ажилтай хийдэг зүйлээ хийсээр байдаг. Дараагийн нэг онцлох хууль бол тэтгэвэрийн насны олгох хугацаа сунгагдаж байгаа. Одоо 60 настай 2018 онд тэтгэвэрт гарах хүн бол 60 нас 6 сартай тэтгэвэрт гарна. 2019 онд гарах хүн бол 61 настай тэтгэвэрт гарна. Бас нэг зүйл бол цэргийн тэтгэвэр нэмэгдсэн. Одоо тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр, онцгой байдлын албанд цэргийн тэтгэвэрийг адилтгадаг болсон. Энэ нь ажилласан жил нь 25 жил ажиллаад тэтгэвэрт гарна. Хуучин бол батлан хамгаалах нь өндөр бусад нь өөр журмаар хувь тэнцүүлсэнээр бага гардаг байсан. Одоо бүгд ижил. Цэргийн байгууллагын тэтгэвэрийг 60 хувиар боддог. Үүн дээр ажилласан жил, цолны нэмэгдэл гэхээр бараг нэг хүн 78 хувиар бодогдож байна. Нэг жил тутамт 1.5 жилээр тооцдог.
-Ажилласан жилийг нөхөн олгох явдал өнгөрсөн жилүүдэд хийгдэж байсан. Одоо ирэх онд энэ ажил үргэлжлэн хийгдэх үү?
-Ажилласан жил нөхөн тооцох тухай нөхөн олговорыг 1990-2000 онд ажиллаж байсан бүх хүмүүст нөхсөн. Энэ нь 2016 оны 12 сарын 31-ээр дуусгавар болсон. Энд хамрагдаагүй олон хүн хоцорсон гээд манайд гомдол ирүүлээд байгаа. Үүнийг шийдэж болохгүй асуудал. Харин малчны нөхөн даатгал яригдаж байна. Малчин хүмүүс өмнө нь шимтгэл төлж байгаагүй. Одоо бол сайн дурын даатгалд хамрагдаж, шимтгэл төлж эхэлж байна. Тэтгэвэрийг дээд хэмжээгээр 2 сая 400 мянгаар төлж болдог журам гарсан. Шимтгэлээ өндөр төлөөд тэтгэвэрт гарах юм бол тэтгэвэр өндөр тогтоно гэсэн үг. Малчид 12 жил шимтгэл төлсөн байх ёстой. Үүнийг л бид нөхөн тооцож даатгал хийн баталгаажуулж өгнө. Малчнаас өөр хүнд нөхөн даатгал хийхгүй. Одоо малчдын нөхөн тооцох тухай судалгаа авч байна. Ирэх онд хичнээн малчинд тэтгэвэр олгох тухай Сэлэнгэ аймгийн судалгаа гаргаад Ерөнхий газарт явуулна. Тэндээс манайд ирэх онд орлогын төлөвлөгөөг хичнээн төгрөгөөр биелүүлэх ёстой вэ гэсэн үүрэг бидэнд ирнэ. 
-Манай аймгийн хэмжээнд хичнээн малчин өрх байдаг юм бэ?
-Манай аймгийн хэмжээнд статистик тоогоор малчин өрх 600-гаад байна. Дотроо хоёр өрхийн гишүүнтэй гэвэл нэлээд их мянга гаруй хүн байгаа. Манай аймгийн хэмжээнд өндөр насны тэтгэвэр авдаг 15 мянган иргэн бий. Мөн хөдөлмөрийн чадвараа алдсан 5500 гаруй, тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 1200-гаад иргэд авч байна. Ажилгүйдлийн тэтгэмж улирал бүр өөр өөр байдаг учраас өөр өөр тооцоо гардаг. Сардаа бид 30 тэрбум төгрөгийг тэтгэвэр тэтгэмжид тавьж байгаа. 
-Саяхан танай байгууллагын ой болсон байхаа. Ямар амжилтаар ойгоо үдэв дээ?
-Энэ онд манай байгууллагын 70 жилийн ой болсон. Бид ойдоо зориулж 70 ажил санаачлан хийж тодорхой үр дүнд хүрсэн. Үүнд ажилчин албан хаагчдынхаа мэдлэг боловсролыг тогтмол дээшлүүлж, үйлчилгээ харилцааны соёлыг нэмэгдүүлж ажиллалаа. Мөн шинээр гарч байгаа хууль, тогтоомжийг иргэдэд сурталчлах хүргэх ажлын зэрэгцээ цалин хөлс боддог нярав, нягтлангуудад тодорхой хэмжээний мэдлэг олгох сургалтыг хийсэн. Энд нягтлан гэж онцолсны учир нь ялангуяа боловсролын салбарын нягтлангууд ажилчдаа их хохироодог. Учир нь зун 6 сар гээд хичээл сургууль дуусч амралт эхэлдэг. Ингэхэд гурван сарын ээлжийн амралтын мөнгийг бөөнд нь өгөөд, гурван сар төлөлт нь тасарчихдаг. Иймээс энэ гурван сарыг 4 жилд төлөөгүй байхад нэг жил ажил тасарсанд тооцогдоод явдаг. Үүнийг засаж залруулах талаар мэдээлэл зөвлөгөө өглөө.
-Ер нь нийгмийн даатгалын шимтгэлээ сайн төлж байгаа иргэд, болоод байгууллагад урамлуулал олгох явдал байдаг юм уу?
-Ажил олгогч нарыг урамшуулалгүй яахав. Цагтаа тайлан мэдээгээ сайн өгдөг, өр авлагагүй газруудад төлж байсан мөнгөнийх нь тодорхой хувийг урамшуулал болгож өгдөг. Тухайн байгууллага нийгмийн даатгалын хууль тогтоомжоо сайн хэрэгжүүлэх юм бол ажилчдад болон байгууллагад үр өгөөжтэй юм байна гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Зарим байгууллагууд бид хий дэмий мөнгө төлдөггүй байна гэдгээ ойлгодог. Хуучин энэ урамшууллыг өгдөг байсан л даа. Зах зэлийн шуурганд зарим аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа их барьж байна. Бид болж өгвөл битгий үүд хаалгаа бариач ээ. Ажилчдаа тогтмол орлоготой байлгаач ээ. Өр авлага үүсгэж болно, байдал сайжирсан нөхцөлд ашиг орлогоо олоод төлөх боломж ирнэ гэдгийг байнга хэлдэг. Хүмүүс ажилгүй болох юм бол нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт буурч, ажилгүйдлийн даатгалын сангаас олгодог зарлага нэмэгдэнэ орлого буурна гэсэн үг. Ийм учраас өр үүсгээд ажиллаж болно. Гол нь бизнесээ тогтвортой явуулахыг л зөвлөдөг. Тухайлбал улирлын чанартай ажилладаг дулааны станц, багш нар гэхэд байгууллага нь өртэй ч гэсэн тэр хүнийг ажиллуулаад байна. Тэд Солонгос явж ажил эрхлэхэд манай байгууллагын зүгээс виз гаргахад тодорхойлолт өгч байгаа. Нөгөө талаас улирлын чанартай ажил эрхэлдэг хүмүүсийг сайн дурын нийгмийн даатгалд хамруулдаг. Шимтгэлээ 9 сар тасралтгүй төлсөн нөхцөлд ямар нэгэн осолд өртөх, хагалгаа хийлгэх, оношлогоонд орох, группэд орж болдог. Үүнийгээ иргэд мэддэггүй. Үүнийг л мэдүүлэхийн тулд бид ажиллаж байна.
-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.
-За ингээд бидний ажлыг дэмжиж, олон нийтэд хүргэхээр ярилцлага авсан “МОНЦАМЭ” агентлагийн орон нутгийн төлөөлөгч, та бүхэнд баярлалаа. Танай хамт олонд уран бүтээлийн олз омгоор дүүрэн байхыг хүсэн ерөөе.