ОРХОНТУУЛ СУМ “СОЁЛЧ ӨРХ” ШАЛГАРУУЛАВ

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга өөрийн үйл ажиллагааны хөтөлбөртөө иргэдийнхээ хамтын хүчээр амьдрах орчин нөхцөлөө сайжруулна хэмээх эрхэм зорилгыг дэвшүүлжээ.
Энэхүү зорилгынхоо хүрээнд хамтын хүчээр "Соёлч өрх, орц" шалгаруулан, хуанлийн хуудасны сүүлчийн өдөр дүгнэн шалгаруулж байхаар сумын ИТХ-ын тогтоолоор батлуулсан байна. Хамтын хүчээр амьдрах орчин нөхцөлөө сайжруулсан анхдагч ажлын ялагчаар Баянцогт 2-р багийн иргэн Г.Ууганбаяр, Б.Орхонтуяа нарын гэр бүл шалгарч “Соёлч өрх” гэсэн эрхэм шагналын эзэд болжээ. Сумандаа анх удаа зохион явуулж байгаа энэхүү ажил цаашид уламжлагдан жил бүр явагдах юм байна. Энэхүү “Соёлч өрх, орц”-ыг гэр хорооллын өрх, хөдөөгийн өрх, орон сууцны орц гэсэн гурван төрлөөр шалгаруулахаар журамлажээ. Гэр хорооллын хувьд өөрийн хашааны 20-оос доошгүй хувьд ногоон орчин бүрдүүлэх, хашаандаа гэрэлтүүлэг, хаягжилт, шуудангийн хайрцаг хийх, эрүүл ахуйн ил нойлын стандарт хангах, муу усны нүхтэй түүнийгээ сард нэг удаа ариутгаж хэвшсэн байх, хашааны ойр орчим хог хаягдалгүй, цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхээс гадна хашаагаа жигд өнгө үзэмжтэй болгох, гэрийн тэжээвэр амьтан /нохой, муур/-аа гэрчилгээжүүлэн уяж малладаг байхаас гадна мал эмнэлгийн үйлчилгээнд хамруулан ИТХ-аар батлуулсан хураамжийг төлсөн байх, тухайн өрх сумын ЗДТГ болон бусад байгууллагуудаас зохион байгуулсан олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохын зэрэгцээ мал сүргээ өвчин эмгэггүй байлгах зэрэг өндөр шалгуур үзүүлэлтийг хангаж байж энэхүү шагналын эзэн болж байгаа юм байна.