АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ЗАРИМ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

12 дугаар сарын 3-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”. Нэгдсэн Үндэстний Байгууллага 1981 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг анх Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгосноос хойш дэлхий даяараа энэ өдрийг тэмдэглэсээр иржээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас уг өдрийг гишүүн орнуудынхаа хүрээнд тэмдэглэхийг уриалдаг аж.
Энэ өдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзан, санал хүсэлтийг нь сонсож, харилцан ярилцлаа.
Энэхүү уулзалтын үеэр аймгийн Засаг дарга хэд хэдэн таатай сайхан мэдээг хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ дуулгасан юм. Хамгийн түрүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байрны асуудлыг шийдвэрлэснээ дуулгалаа. Өмнөх уулзалтуудын үеэр тулгамдаж байгаа гол асуудал байр хэмээн ярьж хүсэлтээ гаргаж байсныг тодотгон хэлэв. Түүнчлэн ирэх 2020 оныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих жил” болгохоор төлөвлөөд байгаагаа хэллээ. Энэ хүрээнд ирэх оны төсөвт сум бүрт тодорхой хэмжээний төсөв суулгаж өгнө гэв. Мөн аймгийн хэмжээнд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нарийвчилсан судалгааг гаргаж, үнэмлэхжүүлэн зарим нэг хөнгөлөлтийг эдлүүлэх боломжтой талаар ч өөрийн байр сууриа илэрхийллээ. Аймгийн Засаг даргын зүгээс онцгойлон тодотгосон зүйл бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний асран хамгаалагчийн асуудал байв. Тийм ч учраас эхний эгнээнд байртай болгож, тэндээ хүүхэд харах, хэн нэгэндээ дэм болох, харилцан туслах үйлчилгээг үзүүлэх хэрэгтэй байгааг хэлсэн юм. Мөн хувиасаа шинэ байрыг албан ёсоор нээхэд нь тэргэнцэртэй хүүхдүүд тоглодог дүүжин савлуурыг бэлэглэж байгаагаа дуулгалаа.
Бүх албан байгууллагуудыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд орж гарах боломжтой стандартын налуу замтай болгох асуудлыг ч ярилаа. Аймгийн Засаг даргын дэмжлэгээр Сэлэнгэ аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ жил 2 дахь удаагаа шинэ жилийн арга хэмжээгээ тэмдэглэнэ.
Өнөөдөр Сэлэнгэ аймгийн хэмжээнд 4600 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа бол 302 хүүхэд асаргааны тэтгэмж авч байгаа ажээ.