ГАН ЗАМ 7-р БАГ БОЛОН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ИРГЭД БАЙРТАЙ БОЛЛОО

Сэлэнгэ аймгийн удирдлагын багийн санаачилга хүсэлтийн дагуу УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн шийдвэрээр аймгийн төв Сүхбаатар сумын 7-р багт байрлах төмөр замын цэцэрлэгийн хуучин байрыг өнөөдөр аймгийн мэдэлд албан ёсоор хүлээлгэн өглөө.

Байр хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, ЗТХ-ийн сайдын зөвлөх, УБТЗ-ын ТУЗ-ийн дарга Б.Цогтгэрэл, Сүхбаатар зангилааны дарга Д.Довчинбазар, Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга, Аймгийн тусгай хэрэгцээт иргэдийн холбооны дарга н.Хашбаатар, Сүхбаатар сумын "Ган зам" 7-р багийн Засаг дарга н.Ганбат болон тусгай хэрэгцээт иргэдийн төлөөлөл оролцлоо.

Дэлхий нийтээрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг "тусгай хэрэгцээт" хэмээн ярих болсон ажээ. Энэхүү байрыг Сэлэнгэ аймгийн удирдлагын багаас аймгийн тусгай хэрэгцээт иргэд болон "Ган зам" 7-р багийн төв байрлах төрийн үйлчилгээний цогц байр болгохоор төлөвлөөд байгаа юм. Байр хүлээн авах арга хэмжээний үеэр тус багийн өрхийн эмнэлгийг ч ойртуулж төвлөрүүлэх боломж байна хэмээн яригдсан.

Ийнхүү тус байрны дотор гадна талыг засаж тохижуулах ажил үлдлээ. Сэлэнгэ аймаг 2020 оныг тусгай хэрэгцээт иргэдээ дэмжих жил болгохоор төлөвлөөд байгаа. Ирж байгаа шинэ жил, шинэ зорилтын хамгийн эхний гэгээн мөртэй ажил энэхүү байр боллоо.