Сэлэнгэ аймгийн 36 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгогдож байна
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав 01 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтсийн ажил байдалтай биечлэн танилцлаа. 
Аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нь төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. 1-2 дугаар сард багтаан хүүхдийн мөнгө бүрэн олгохын тулд уг ажлыг онцлон түлхүү явуулж байгаа талаар хэлтсийн дарга Ж.Алтанцэцэг мэдээллээ. Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээний 8 банкаар 36 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгож байгаа. Шинээр мэндэлсэн 2000 гаруй хүүхэд болон өрхийн мэдээллийн бүртгэл судалгаанд хамрагдаагүй мөн тооны өрхийн мэдээллийн судалгааг авч өрх гэрээр нь явж уртасгасан цагаар шаргуу ажиллаж байгаа гэв. Өрхийн мэдээллийн сангийн дахин үнэлгээний ажил одоогоор 50 хувьтай явагдаж байна. 
Өнгөрөгч 2015 онд Сэлэнгэ аймгийн Халамжийн санд 8,4 тэрбум төгрөг төсөвлөгдөж 44 нэр төрлийн халамжийн үйлчилгээг иргэдэд үзүүлсэн бол энэ онд 8,0 тэрбум төгрөг төсөвлөгджээ. Оны эхний сарын тэтгэвэр тэтгэмж цаг хугацаандаа олгогдсон байна. Сэлэнгэ аймгийн Нийгмийн Халамжийн хэлтэс нь нийт 65 хүний бүтэц орон тоотойгоос 8 ажилтан хөдөлмөрийн гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа юм. Сүхбаатар сумын Нэг цонхны үйлчилгээнд 3 мэргэжилтэн ажиллаж байна. 
Аймгийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтэс нь өөрийн байрандаа халамж үйлчилгээ шаардлагатай Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд чиглэсэн арга хэмжээг графикийн дагуу зохион байгуулж ажилладаг нь тэдгээр зорилтот бүлгийг халамжаар дамжуулан нийгэмшүүлэх, идэвхтэй амьдралд суралцахад ихээхэн түлхэц болдог байна. 
Аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав төрийн үйлчилгээг гардан гүйцэтгэж иргэдэд үзүүлдэг халамжийн ажилтнуудтай уулзаж ярилцлаа. Тэрээр аймаг, орон нутгийн цаг үеийн ажлын талаар товч мэдээллэн Халамжийн хэлтсийн ажилтнуудаас тавьсан асуултанд хариу өгч, саналыг сонслоо. Эдгээр саналын дотор Халамжийн хэлтэс байрладаг 8 дугаар багийн нутаг дэвсгэр нь Олон улсын чанартай авто замын дагууд байрладаг ба автомашинууд хурдтай явж зам тээврийн осол гарах нөхцөл бүрддэг учраас тус хэлтсийн урд замд хоёр чиглэлийн хурд сааруулагч тавих асуудлыг хөндөж байлаа. Энэ асуудлын талаар тусгайлан албан тоотоор хандаарай анхааралдаа авч ажил хэрэг болгоно гэдгийг Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав хэллээ.