“БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ ЖУРАМ” ШИНЭЧЛЭГДСЭНЭЭР БИЧИЛ УУРХАЙЧДАД ТААТАЙ ОРЧИН БҮРДЭЖ БАЙНА

Өнөөдөр “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо”-ноос зохион байгуулсан сургалтанд аймгийн ЗДТГ болон хэлтэс агентлагийн төрийн албан хаагчид хамрагдлаа. Монгол Улсын Засгийн газар “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталснаар бичил уурхайчдад таатай орчин бүрдэж байгаа. Юуны түрүүнд бичил уурхай эрхлэгчдийг нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтанд оруулж хуулийн этгээд болгох ёстойг сургагч багш нар онцолж байлаа. Ингэж зохион байгуулалтанд орсноор тэдгээр хүмүүст банк санхүүгийн байгууллагатай харьцах, өөр төрлийн бизнес эрхлэх, санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэд тустай юм. Мөн тухайн харъяалалын Засаг даргаасаа бичил уурхайн ажилтны үнэмлэхээ авснаар талбай дээр ашигт малтмал олборлох эрх нь үүсэх ажээ. Нөхөрлөл хоршоод 3500 см3 хүчин чадалтай тоног төхөөрөмжийг ашиглах боломжтой юм байна. Энэ нь олборлолтын хэмжээг өсгөж, ашиг орлогыг нэмэгдүүлэхэд тустай нь ойлгомжтой. Бичил уурхай эрхлэгчид олдворлосон алтаа Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгчид зах зээлийн үнээр тухайн орон нутагтаа борлуулах нөхцөл ч бүрдэх аж. Эдгээр хүмүүс тодорхой хэмжээний орлого олж байгаа Монгол Улсын иргэний хувьд хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүргээ биелүүлснээр нийгмийн халамж, хамгааллын болон төрийн үйлчилгээний бусад хүртээмжийг эдлэнэ. Энэ бүхэн цогцоороо хэрэгжснээр орон нутагт ажлын байр, өрхийн орлого, бэлэн мөнгөний эргэлт нэмэгдэж ядуурал буурна гэж үзэж байна. Мэдээж тэд хуваарьт газраа ашиглаж байгаа учир нөхөн сэргээлтээ ч бас хийх юм.