“БИЧИЛ УУРХАЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ БҮСИЙН СУРГАЛТ БОЛЛОО

Өнөөдөр “Бичил уурхайн эрх зүйн орчны шинэчлэл” сэдэвт бүсийн сургалт манай аймагт боллоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл, Сэлэнгэ аймгийн ЗДТГ хамтран энэхүү сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Булган аймгуудын бичил уурхай бүхий сумдын удирдлага, төрийн албан хаагчид, бичил уурхайчдын төлөөлөл хамрагдлаа.

2017 онд Монгол Улсын Их хурал, Засгийн газар, яамдын сайдын тушаалаар шинээр батлагдсан бичил уурхайтай холбогдох хууль, журам, дүрэм, аргачлалыг орон нутгийн удирдлагууд болон бичил уурхайчдын байгууллагын төлөөлөлд танилцуулсан. Энэхүү хууль, журмын талаар нэгдсэн нэг ойлголттой болж хэрэгжүүлэх, хувиараа ашигт малтмал олборлогчдыг бичил уурхайн зохион байгуулалтанд оруулах, ашигт малтмалын хууль бус олборлолтыг зогсооход хувь нэмэр оруулахад энэ удаагийн бүсийн сургалтын зорилго чиглэгдлээ. Зохион байгуулагчдын зүгээс сургалтанд оролцогчдод Засгийн газраас баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлал”, “Зөрчлийн тухай хууль”-ийн холбогдох заалтыг танилцуулж шинэ мэдээлэл өглөө.