НЭГДСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

Аймгийн Засаг даргын А/270 тоот захирамжийн дагуу байгуулсан хууль хяналтын байгууллагын ажлын хэсгийн шалгалт сумдад үргэлжилж байна. 

Шалгалтын үйл явц болон нөхөн сэргээлтийн ажил явуулж байгаа зарим нөхөрлөлийн үйл ажиллагаатай аймгийн Засаг дарга Ш.Оргил танилцаж, үүрэг чиглэл өгч, ажлын хэсгийн ажиллах хоногийг сунгалаа.

Энэхүү шалгалтын хүрээнд хууль бус олборлолтод өртөж эвдэрсэн газрын хэмжээ, хил заагийг хиймэл дагуулын мэдээ ашиглан шүүлт хийх, эзэн холбогдогчийг тогтоох, нөхөн сэргээлт хийлгэх, эрчимжүүлэх ажлыг  хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хяналт шалгалтаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “35-ын ам” хэмээх  газарт бичиг баримтын бүрдүүлэлт дутуу, техникийн хүчин чадлыг хэтрүүлэн үйл ажиллагаа эхлүүлсэн нөхөрлөлийн DISD SD 300 маркийн ковшууд,  ЗИЛ-131, портер машин, “Толгойт” хэмээх газраас угаах төхөөрөмжүүдийг албадан буулгаад байна. Мөн хууль бус олборлолтын үйл ажиллагаанд ашигласан экскаватор, гитаран буу гэх мэт бага оврын угаах төхөөрөмжүүд, скруббер, алт ялгах бункер гэр зэргийг тус тус албадан буулгаж түр хураан саатуулаад байна. 

Эд зүйлсийг Бугант тосгоны захирагчийн албаны ажлын хэсэгт хүлээлгэн өгч, нөхөн сэргээлтийн ажлыг хийх үүрэг чиглэл өглөө.