“БИЧИЛ УУРХАЙН ХАБЭА БА ЭРХ ЗҮЙН ОРЧИН” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Бичил уурхайн ХАБЭА ба Эрх зүйн орчин” сэдэвт сургалтыг аймгийн ЗДТГ “PlanetGOLD” Монгол төсөлтэй хамтран зохион байгуулав. Сургалтад аймаг, сумын Засаг даргын дэргэдэх ХАБЭА-н зөвлөлийн гишүүд, ХАБЭА хариуцсан ажилтан, ОБГ, МХГ, ЭМГ, Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, БОАЖГ, Мандал, Баянгол сум, Түнхэл тосгоны ЗДТГ-ын төрийн албан хаагчид хамрагдлаа.
Оролцогчид энэхүү сургалтаар алтны бичил уурхайн эрх зүйн зохицуулалт, ХАБЭА-шаардлагууд, бичил уурхай дахь эрсдэлүүд, түүнийг үнэлэх, химийн хорт бодисын нөлөө, төрийн болон бичил уурхайн байгууллагуудын хүлээсэн эрх, үүрэг, хариуцлагын талаар нэгдмэл ойлголтыг авлаа.
Сургалтын сургагч багшаар ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүн, зөвлөх, сургагч багш Т.Эрдэнэ, “РlanetGOLD” Монгол төслийн Орон нутаг хариуцсан төлөөлөгч Д.Хишгээ нар ажиллав.
Сургалтын онцлогийн талаар “РlanetGOLD” Монгол төслийн Орон нутаг хариуцсан төлөөлөгч Д.Хишгээ: “Бид сургалтаараа бичил уурхай дахь аливаа осол гэмтэл, түүнээс урьдчилан сэргийлэх, бичил уурхайчдыг чадавхжуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, холбогдох байгууллагууд үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах, ямар арга хэмжээ авч болох талаар төрийн байгууллагуудын ажилтнуудад зохих мэдлэг мэдээллийг хүргэлээ. Манай төсөл алтны уурхайн үндсэн ордод ажилладаг албан ёсны нөхөрлөлүүдтэй хамтарч ажилладаг. Сүүлийн үед бичил уурхайн журам шинэчлэгдэж, ковидтой холбоотойгоор шинээр дүгнэлт гаргах, шинээр гэрээ байгуулах ажил зогссон. Яг бичил уурхайн талбарт хэдий хэмжээний осол аваар гарсан гэсэн нарийн тоо хараахан байхгүй байгаа. Бид энэ сургалтыг Ховд, Говь-Алтай аймагт зохион байгуулсан. Одоо Сэлэнгэ аймагт явуулж байна. Хууль бус алт олборлолтод осол нэлээд гардаг хэдий боловч үүнийгээ нуун дарагдуулах хандлага байдаг гэдгийг бидэнд мэдээлж байсан. Манай төслийн нэг гол бүрэлдэхүүн хэсэг бол албажуулалт байдаг. Тэгэхээр албан ёсны үйл ажиллагаа явуулж, гэрээгээ байгуулсан газрууд өөрсдөө үүрэг хүлээж, хариуцлага үүрэх ёстой. Гол нь эдгээр байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулах ёстой, тоон мэдээ статистик мэдээллүүд нь нэгдмэл байх ёстой. Ингэснээр ХАБ-ын зөвлөлдөө зангидагдаад ямар арга хэмжээ авах вэ гэдгээ тодорхойлох нь хамгийн чухал. Ингэсэн тохиолдолд гарах зөрчлүүд буурна гэж харж байгаа. Манай төсөл 2019 онд эхэлсэн. Цаашид бид бичил уурхайн шинэчлэгдэж байгаа журамд илүү анхаарч ажиллана гэж бодож байгаа” гэлээ.
Энэхүү төсөл нь Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр "Алтны бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг зогсооход оруулах хувь нэмэр. Олборлогчоос боловсруулагч руу "PlanetGOLD” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байна.