МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН БАЙНГЫН ХОРООНЫ ТОГТООЛ
2012 оны 04 дугаар сарын 25-ны өдөр
 
Дугаар 05 Улаанбаатар хот
 

Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон

хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах,

хадгалах журам батлах тухай

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.7 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.8 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийгтус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос ТОГТООХ нь:

1.“Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт”-ыг 2 дугаар хавсралтаар, “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн маягт”-ыг 3 дугаар хавсралтаар, “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийн маягт”-ыг 4 дүгээр хавсралтаар, “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалт”-ыг 5 дугаар хавсралтаар, “Сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт”-ыг 6 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулж 2012 оны 02 дугаар сарын 15-ны дотор Хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлсэн албан хаагчдын “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ийг шинэчлэн бүртгэх ажлыг 2012 оны 8 дугаар сарын 15-ны дотор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолыг 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН

ХОРООНЫ ДАРГА Д.ОДБАЯР

 

 

 

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны

2012 оны 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

 

АЛБАН ТУШААЛТНЫ ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН МЭДҮҮЛЭГ БОЛОН

ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДYYЛГИЙГ БYРТГЭХ, ХЯНАХ, ХАДГАЛАХ

ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн /цаашид “мэдүүлэг гаргагч” гэх/ хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /цаашид “мэдүүлэг” гэх/-ээ хуульд заасан хугацаанд, батлагдсан маягтын дагуу үнэн зөв гаргаж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуульд заасан байгууллага, албан тушаалтанд биечлэн болон энэ журамд заасны дагуу хүргүүлнэ.

1.3.Мэдүүлэг гаргагч мэдүүлгээ бүртгүүлсний дараа түүний хөрөнгө, орлогод их хэмжээний өөрчлөлт орсон бол  энэ тухайгаа Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасны дагуу 30 хоногийн дотор мэдэгдэж бүртгүүлнэ.

1.4.Мэдүүлэг гаргагч мэдүүлгээ бүртгүүлсний дараа ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон бол энэ тухай хуульд заасан байгууллага, албан тушаалтанд нэн даруй бичгээр мэдэгдэнэ.

1.5.Мэдүүлэг гаргагч нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл бичгээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд нэн даруй хүргүүлнэ.

Хоёр.Мэдүүлэг гаргах, түүнийг бүртгэх, хадгалах

2.1.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24.1.1, Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтад тус тус заасны дагуу дараах албан тушаалтан мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж өгнө:

2.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч;

2.1.2.Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн;

2.1.3.Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, дэд сайд;

2.1.4.Улсын ерөнхий прокурор, түүний орлогч;

2.1.5.Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд, Дэд ерөнхийлөгч;

2.1.6.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга;

2.1.7. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга;

2.1.8.Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга;

2.1.9.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга;

2.1.10.Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн;

2.1.11.Үндэсний статистикийн хорооны дарга;

2.1.12.Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүн;

2.1.13.Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга;

2.1.14.Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүн;

2.1.15.Ерөнхий аудитор, түүний орлогч;

2.1.16.яамны төрийн нарийн бичгийн дарга;

2.1.17.Засгийн газрын агентлагийн дарга;

2.1.18.Чөлөөт бүсийн захирагч;

2.1.19.Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч;

2.1.20.Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, Ерөнхий захирал;

2.1.21.Засгийн газар, Ерөнхий сайдаас томилогддог бусад албан тушаалтан.

2.2.Энэ журмын 2.1-д зааснаас бусад албан тушаалтан мэдүүлгээ дараах байгууллага, албан тушаалтанд гаргаж өгнө:

2.2.1.Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлд;

2.2.2.Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд;

2.2.3.аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, ажлын албаны ажилтан, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, түүний орлогч,баг, хорооны Засаг дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд;

2.2.4.аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргаас томилогддог төрийн захиргааны болон төрийн тусгай албан тушаалтан аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт;

2.2.5.төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагч, төрийн үйлчилгээний албаны дарга, захирал, эрхлэгч, тэдгээртэй адилтгах албан тушаалтан түүнийг томилсон, эсхүл удирдах эрх бүхий албан тушаалтанд;

2.2.6.төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, банк, санхүүгийн байгууллага, биржийнудирдах албан тушаалтан Төрийн өмчийн хороонд /Эдгээр хуулийн этгээдийн удирдах албан тушаалд ажиллаж байгаа гадаадын иргэн нэгэн адил хамаарна/;

2.2.7.Монгол Улсаас бусад улстай байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагчтай байгуулсантогтвортой байдлын гэрээгээр үйл ажиллагаа нь зохицуулагдаж байгаа төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Төрийн өмчийн хороонд /Эдгээр хуулийн этгээдийн удирдах албан тушаалд ажиллаж байгаа гадаадын иргэн нэгэн адил хамаарна/;

2.2.8.орон нутгийн өмчит болон орон нутгийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжийн захирал тухайн шатны Засаг даргын Тамгын газарт;

2.2.9.Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зорилгоор улсын нэгдсэн төсвөөс төвлөрүүлсэн хөрөнгө, түүнчлэн уг арга хэмжээнд зориулан олгосон хандив, буцалтгүй тусламжийг захиран зарцуулж байгаа Засгийн газрын тусгай сангийн удирдах албан тушаалтан түүнийг томилсон, эсхүл удирдах эрх бүхий албан тушаалтанд /Олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу зээл, тусламж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн зохицуулагч, удирдах албан тушаалтан нэгэн адил хамаарна/;

2.2.10.эрдэм шинжилгээ, инноваци, туршилт, зохион бүтээх ажлыг дагнан болон сургалт, үйлдвэрлэлтэй хослон гүйцэтгэдэг эрдэм шинжилгээний байгууллагын удирдах албан тушаалтан түүнийг томилсон, эсхүл удирдах эрх бүхий албан тушаалтанд;

2.2.11.яам, агентлагын дэргэдэх өөрийгөө санхүүжүүлдэг салбар нэгжийн удирдах албан тушаалтан харьяа байгууллагын түүнийг томилсон, эсхүл удирдах эрх бүхий албан тушаалтанд;

2.2.12.Засгийн газрын тогтоолын дагуу гэрээ байгуулж төрийн тодорхой чиг үүргийг түр буюу байнга гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт;

2.2.13.төсвийн ерөнхийлөн захирагч, ерөнхий менежертэй гэрээ байгуулж, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг түр буюу байнга гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан тухайн төсвийн захирагчид /ерөнхий менежерт/;

2.2.14.төрийн улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, бие төлөөлөгч Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны ажилтан Улсын Их Хурлын Тамгын газарт;

2.2.15.Улсын Их Хурлын гишүүнээс бусад улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, ажилтан тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд.

2.3.Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг, сонгуулийн тойргийн хороо Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийнхөрөнгө, орлогын мэдүүлгийг тус тус бүртгэж Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгнө.

2.4.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон сонгогдогчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг архивын нэгж болгон тухайн сонгууль дууссанаас хойш 14 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт ирүүлнэ.

2.5.Мэдүүлэг гаргагч мэдүүлгээ шуудангаар илгээх бол эрх бүхий албан тушаалтны нэр дээр “гарт нь” гэж хаяглан баталгаат шуудангаар ирүүлэх бөгөөд энэ тохиолдолд мэдүүлэг гаргасан хугацааг илгээмж дээрх шуудангийн тэмдэглэлийг үндэслэн тооцно.

2.6.Шуудангаар ирсэн мэдүүлгийг тухайн байгууллагын бичиг хэргийн асуудал хариуцсан ажилтан хүлээн авч, илгээмжийг задлалгүйгээр эрх бүхий албан тушаалтанд шууд хүлээлгэн өгнө.

2.7.Мэдүүлэг гаргагч цахим шуудангаар мэдүүлгээ илгээж болох бөгөөд энэ тохиолдолд хаяг, гарын үсгийн баталгаажилт, нууцлал зэргийг мэдүүлэг хүлээн авах эрх бүхий этгээдтэй урьдчилан тохиролцсон байна.

2.8.Албан тушаалтны мэдүүлэг, мэдүүлгийн бүрдүүлэлтийг цахим хэлбэрээр явуулж болох бөгөөд цахим гарын үсгийг цахим гарын үсгийн тухай хууль тогтоомжоор хэрэгжүүлнэ.

2.9.Мэдүүлгийг цахим хэлбэрээр бүртгэхтэй холбогдсон журмыг Авлигатай тэмцэх газрын дарга Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран батална.

Гурав.Мэдүүлгийг бүртгэж хүлээн авах байгууллага,

эрх бүхий албан тушаалтны эрх, үүрэг

3.1.Нийтийн албаны удирдлага нь тухайн байгууллагын захиргаа, хуулийн асуудал эрхэлсэн албаны эрх бүхий албан тушаалтанд мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих, тайлагнах ажлыг тушаал, шийдвэрээр хариуцуулан томилж, түүнд

албан тушаалынх нь цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл урамшуулал олгох бөгөөд шаардлагатай тохиолдолд уг асуудлыг эрхлэх орон тооны ажилтантай байж болно.

3.2.Эрх бүхий албан тушаалтан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хувь хүний нууцтай холбогдох мэдээллийг чандлан хадгалах, хамгаалах бөгөөд нууцын баталгаа гаргана.

3.3.Эрх бүхий албан тушаалтан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуульд заасан хугацаанд мэдүүлгийг авч дууссанаас хойш 14 хоногийн дотор мэдүүлэг гаргах журмын биелэлтийн талаарх тайланг, мэдүүлэг гаргасан этгээдийн нэрсийн хамт Авлигатай тэмцэх газарт ирүүлнэ.

3.4.Мэдүүлгийг бүртгэж хүлээн авч байгаа эрх бүхий албан тушаалтан дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

3.4.1.мэдүүлэг засваргүй, бүрэн гүйцэд бөглөгдсөн, хугацаандаа өгсөн эсэхэд хяналт тавьж, мэдүүлгийг зохих журмын дагуу гаргаж өгөхийг шаардах, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байвал бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шалгах буюу Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулах үүрэгтэй;

3.4.2.Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэл хөтлөх бөгөөд хянан шалгах, авлигын шинжтэй зөрчил илэрвэл Авлигатай тэмцэх газарт нэн даруй шилжүүлэх;

3.4.3. Эрх бүхий албан тушаалтан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7.2.2 дахь заалт, 8.2, 23.3, 23.5 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 10.3, 10.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу батлагдсан маягтаар бүртгэл хөтлөх;

3.4.4.энэ журмын 3.4.2-т заасан бүртгэлээс гадна Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан тохиолдолд бүртгэл, хяналт явуулж Авлигатай тэмцэх газарт мэдээлнэ.

3.5.Энэ журмын 3.4.3-т заасан бүртгэлийн маягт, эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны журмыг Авлигатай тэмцэх газрын дарга батална.

3.6.Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг эрх бүхий албан тушаалтан хүлээн авч, холбогдох баримт бичгийн хамт Авлигатай тэмцэх газарт нэн даруй хүргүүлэх бөгөөд уг асуудлыг хариуцсан нэгж, албан тушаалтан ажлын 10 өдөрт багтаан хянаж, хариу мэдэгдэнэ.

3.7.Мэдүүлгийг бүртгэж, хадгалах эрх бүхий албан тушаалтан авлигын эсрэг хууль тогтоомж, ашиг сонирхлын зөрчлийн талаар Авлигатай тэмцэх газарт мэдэгдэх үүрэгтэй.

3.8.Албан тушаалтан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан мэдэгдлийг дор дурдсан тохиолдолд гаргана:

3.8.1.ашиг сонирхлын зөрчилтэй буюу зөрчил үүсэж болзошгүй гэж үзвэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын түвшинд батлагдах шийдвэрийн төслийг боловсруулах болон шийдвэр гаргахад оролцох;

3.8.2. ашиг сонирхлын зөрчилтэй буюу зөрчил үүсэж болзошгүй гэж үзвэл Засгийн газар, Засгийн газрын гишүүн, яам, агентлаг, бүх шатны Засаг даргын түвшинд гарах шийдвэрийн төслийг боловсруулах болон шийдвэр гаргахад  оролцох;

3.8.3.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах, шалгаруулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах түвшинд гарах шийдвэр, гэрээ хэлцэлийн төсөл боловсруулах болон шийдвэр гаргахад  оролцох.

3.10.Албан тушаалтан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хувьцаат компанийн нийт хувьцааны 5 хүртэл хувийг эзэмшдэг, хязгаарлагдмал хариуцлагатай компаниас эзэмшиж байгаа ногдол хувь нь тухайн албан тушаалтны нэг жилийн цалингийн хэмжээнээс бага бол ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзнэ.

Дөрөв.Хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогыг мэдүүлэх

4.1.Мэдүүлэгт дараах зүйлийг тусгана:

4.1.1.мэдүүлэг гаргагч, түүний гэр бүлийн байдал;

4.1.2.хувийн ашиг сонирхлын байдал;

4.1.3.хөрөнгө, орлого.

4.2.Энэ журмын 4.1.1-д заасан “Мэдүүлэг гаргагч, түүний гэр бүлийн байдал” гэсэн хэсэгт хамт амьдарч байгаа болон өрхийн бүртгэлд бүртгэлтэй, эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, эцэг, эхийг бичих бөгөөд үүнд гадаад улсад ажиллаж, сурч байгаа гэр бүлийн гишүүн хамаарна.

4.3.Энэ журмын 4.1.2-т заасан “Хувийн ашиг сонирхлын байдал” гэсэн хэсэгт дараах зүйлийг мэдүүлнэ:

4.3.1.“Мэдүүлэг гаргагчтай хамаарал бүхий этгээд” /Үүнд Нийтийн албан тушаалтны эрхлэх асуудлын хүрээ, шууд болон шууд бус нөлөөлөх боломжтой байгууллагад харьяалалтай болон хамааралтай ажил эрхэлж байгаа /байсан/ өрх тусгаарласан эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон эхнэр /нөхөр/, хамтран амьдрагчийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүүгийн нэрийг түүний эцэг /эх/-ийн нэрийн хамт, ямар хамааралтай болох, ажиллаж байгаа /байсан/ байгууллага, албан тушаал, бизнес, үйл ажиллагааны чиглэл, төрсөн газар, үндсэн харьяаг тус тус мэдүүлнэ./;

4.3.2.“Мэдүүлэг гаргагчтай нэгдмэл сонирхолтой этгээд” /Үүнд ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбогдсон хувь хүн, хуулийн этгээд, тэдгээртэй ямар харилцаа, хамааралтай /байсан/ болох, үйл ажиллагааны чиглэл, зорилго, байгууллага, ажил, албан тушаал эрхэлж байгаа /байсан/ болон тэдгээрийн төрөл зэргийг бичнэ./;

4.3.3.“Гишүүнчлэл, хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн гишүүн” /Үүнд холбоо, нэгдэл, хөдөлгөөн, нутгийн зөвлөлийн тэргүүн, гишүүн, нам, улс төр, олон нийтийн байгууллагын гишүүнчлэлд байсан болон байгаа талаар бичнэ./;

4.3.4.“Төлөөлөл хэрэгжүүлсэн байдал” /Үүнд хувь хүн, хуулийн этгээдийг төлөөлөн тодорхой үйл ажиллагаа, харилцаанд оролцсон талаар бичнэ./;

4.3.5.“Бэлэг, үйлчилгээ, өв залгамжлал, хандив, туслалцаа, хөнгөлөлт” /Үүнд тухайн албан тушаалтны нэг сарын цалингаас дээш хэмжээний бэлэг, үйлчилгээ, хандив, туслалцаа, хөнгөлөлтийг мэдүүлнэ./;

Тайлбар: Энэ журамд заасан “байсан” гэдэг хугацаанд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу сүүлийн хоёр жилийн хугацааг хамааруулж ойлгоно.

4.3.6.“Урьдчилсан мэдүүлэг, бусад мэдэгдэл, тайлбар гаргасан байдал” /Үүнд тухайн жилд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшихдээ гаргасан урьдчилсан мэдүүлэг, бусад мэдэгдэл, тайлбар гаргасан тухай бичнэ./;

4.3.7.Мэдүүлэг гаргагч албан тушаалын бүрэн эрхийнхээ дагуу олж авсан мэдээллийг хууль бусаар задруулах, албан үүрэгтээ хамааралгүй байдлаар ашиглахгүйг мэдэгдэж гарын үсэг зурж баталгаажуулна.

4.4. Хөрөнгө, орлогыг дараах байдлаар мэдүүлнэ:

4.4.1.Орлого хэсэгт:

-“үндсэн цалин, хөдөлмөрийн хөлс, болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого”;

-“шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах орлого” /Үүнд албан байгууллага болон бусад хуулийн этгээд, хувь хүнээс олгосон шагнал, урамшуулал хамаарна./;

-“үйл ажиллагааны орлого” /Үүнд үндсэн ажлаас гадуур ажиллаж олсон орлого, хувиараа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсний орлого хамаарна./;

-“хөрөнгийн орлого” /Үүнд түрээс, эрхийн шимтгэл, ногдол ашиг, хүүгийн орлого, хөрөнгө бусдад ашиглуулсны орлого хамаарна./;

-“хөрөнгө борлуулсны орлого” /Үүнд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, хувьцаа борлуулсны орлого хамаарна./;

-“хандивын орлого” /Үүнд бусдаас авсан мөнгөн хандив, тусламж хамаарна./;

-бусад орлого /Үүнд шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, бүтээгдэхүүний ашигтай загвар зохион бүтээх, спорт, урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон орлого, тэдгээртэй адилтгах бусад орлого, шагнал, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого, төрөөс олгож байгаа бүх төрлийн мөнгөн тэтгэмжийн орлого хамаарна/.

 

4.4.2. Хөрөнгө, зээл хэсэгт:

-“Орон сууц, барилга, байгууламж” /Үүнд хувийн болон нийтийн орон сууц, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга,  авто зогсоол, гараж, зуслангийн байр, гэр зэргийг мэдүүлнэ. “Хийц, талбай” баганад тухайн барилга байгууламжийн хийц, өрөөний тоо, талбайн хэмжээг, зах зээлийн үнэлгээг мэдүүлэг гаргах үеийн зах зээлийн ханшаар үнэлж бичнэ. Гадаад улс орон, чөлөөт бүсэд байгаа орон сууц, барилга, байгууламжийг мэдүүлнэ./;

-“Тээврийн хэрэгсэл” /Үүнд автомашин, өөрөө явагч хэрэгсэл, усан онгоц, нисэх онгоц, бусад техник, тоног төхөөрөмжийг мэдүүлнэ. Зах зээлийн үнэлгээг мэдүүлэг гаргах үеийн зах зээлийн ханшаар үнэлж бичнэ./;

-“Мал, аж ахуй” /Үүнд таван хошуу малаас гадна туслах аж ахуйн чиглэлээр үржүүлж байгаа гахай, тахиа, бусад тэжээвэр амьтдыг мэдүүлнэ./;

-“Газар” /Үүнд мэдүүлэг гаргагчийн болон түүний гэр бүлийн гишүүдийн өмчлөл, эзэмшлийн болон ашиглаж байгаа газрыг мэдүүлнэ./;

-“Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл” /Үүнд хөрөнгийн нэр, үнэлгээ, эзэмшигчийн нэр, эх үүсвэрийн тайлбарыг мэдүүлнэ./;

-“Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны дансны үлдэгдэл” /Үүнд гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллагад байгаа бүх төрлийн данс, картны үлдэгдлийг мэдүүлнэ. Гадаад валютыг тухайн жилийн эцсийн Монголбанкны ханшаар төгрөгт хөрвүүлэн дүнг бичнэ./;

-“Авлага” /Үүнд хувь хүн, хуулийн этгээдээс авах бэлэн мөнгө, хөрөнгийн дүн, хугацаа, хүү, тайлбарыг тодорхой бичнэ./;

-“Зээл” /Үүнд зөвхөн өөрийн зээлийн талаарх мэдээллийг мэдүүлэх бөгөөд бусдаас зээлсэн бэлэн мөнгө, хөрөнгийн дүн, хугацаа, зээл, зээлийн хүүгийн дүн, зориулалтыг бичнэ./;

-“Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт” /Үүнд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан болон хувь нийлүүлсэн хуулийн этгээд, түүний толгой, охин, хараат болон салбар компани, аж ахуйн нэгж, гадаад, дотоодын хөрөнгийн биржээс худалдан авсан хувьцаа, бонд, бусад үнэт цаасыг мэдүүлнэ. Хөрөнгийн эх үүсвэрийг тодорхой бичнэ/;

-“Эрх, патент, тусгай зөвшөөрөл” /Үүнд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн өмчлөл, эзэмшилд байгаа зохиогчийн эрх, патент, тусгай зөвшөөрлийг мэдүүлнэ/.

4.5.Мэдүүлэг гаргагч мэдүүлгийг засваргүй, товч тодорхой бичих бөгөөд асуулт болгонд хариулж, байхгүй орлого, хөрөнгө, зээлийг /-/ гэсэн тэмдэглэгээ хийнэ.

4.6.Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгт төрийн албан хаагчийн анкет, ял шийтгэлгүй эсэх талаарх тодорхойлолт, хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хөрөнгө, оруулагчийн талаарх лавлагаа, бусад шаардлагатай баримт бичгийг хавсаргана.

Тав. Хариуцлага

5.1.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль, энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

ооООоо