АТГ сургалт зохион байгууллаа.
Авилгатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар өнөөдөр буюу 29-ний өдөр Сэлэнгэ аймагт сургалт зохион байгууллаа. Авилгын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, “Албан тушаалтны хувийг ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын хэрэгжилттэй газар дээр нь танилцах, авилгын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, мэдүүлгийн бүрдүүлэлтийн программ хангамж, цахим бүрдүүлэлт, мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зөвлөмж өгөх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа юм байна.
 
 
Тус шалгалтын хэсгийн ахлагч Авилгатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар А.Батхуяг хэлэхдээ:”бид авилгын эсрэг хууль тогтоомж болон мэдүүлгийн бүрдүүлэлтийн программ хангамж, цахим бүрдүүлэлтийн үйл ажиллагаа, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт, урьдчилсан мэдүүлэг, мэдэгдэл, тайлбар гаргах талаар сургалт зохион байгуулж байна. Үүний зэрэгцээ мэдүүлэг гаргагч болон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад сургалт зохион байгуулах, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг цуг хэрэгжүүлж байна.
 
 
Мөн зөвхөн сургалтаар хязгаарлахгүй авилгын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зарим баримт бичгүүдтэй танилцана. Тухайлбал мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтныг томилсон тушаал, шийдвэр, ажлын байрны тодорхойлттой танилцана. Түүнчлэн эрх бүхий албан тушаалтныг ажиллах нөхцөл, боломжоор хангасан эсэх, мэдүүлгийн нууцлалыг хэрхэн хангаж ажиллаж байгаад дүгнэлт өгнө. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг гарган авя Авилгатай тэмцэх газарт хүргүүлж, дүгнэлт гаргуулж байгаа эсэхийг тухайн аймгийн ИТХ-ын ажлын алба, аймгийн ЗДТГ-ын хэмжээнд хянана. Бас авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын удирдлагуудад сургалт зохион байгуулж, заавар зөвлөгөө өгнө” хэмээн ярилаа. Сургалт цаашаа Орхон, Хөвсгөл аймгуудад үргэлжлэн зохион байгуулагдах юм байна. Сургалтанд Сэлэнгэ аймгийн бүх сумдын ЗДТГ-ын дарга нар, удирдах ажилтнууд, төрийн байгууллагуудын төлөөлөл оролцсон.