Авлигын эсрэг шуурхай арга хэмжээ зохион байгуулах сарын аян явагдаж байна

 

Аймгийн Засаг даргын 2015 оны 10-р сарын 12-ны өдрийн А/412 тоот захирамжинд Төрийн байгууллагуудаас явуулж буй авлигын эсрэг хууль болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор авлигын эсрэг шуурхай арга хэмжээ зохион байгуулах сарын аяныг аймгийн хэмжээнд 2015 оны 10-р сарын 07-ны өдрөөс эхлэн зохион байгуулах  тухай заасан юм. Тус захирамжинд зааснаар аяны хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гаргах, төлөвлөгөөнд тусгасан ажил, арга хэмжээг шуурхай зохион байгуулж, үр дүн тайлан мэдээг 2015 оны 11-р сарын 10-ны дотор ирүүлэхийг аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, алба, газрын дарга, сумдын Засаг дарга нарт үүрэг болгож, захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажлын тайланг нэгтгэж, дүгнэн танилцуулж, мэдээлэхийг аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Ч.Даваадоржид үүрэг болгосон билээ.
 
 
Мөн уг захирамжтай холбогдуулан гаргасан аймгийн Засаг даргын 1/874 тоот албан тоотод сумдын Засаг дарга нарт аяны хугацаанд мэдээллийн ил тод байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгчээ. Тухайлбал аймаг, сумдын Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх хүрээнд аймаг, сумын хөгжил, иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэхээр хийсэн ажил, үр дүнг өргөн хүрээнд ил тод мэдээлэх шуурхай арга хэмжээг энэ оны 10-р сарын сүүлийн хагас, 11-р сарын эхний хагасын хугацаанд зохион байгуулах, мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хууль, тэдгээртэй холбогдож гарсан журам, заавруудын хэрэгжилтийн явц, үр дүнг сумын хэмжээнд нэг бүрчлэн нягтлан шалгаж, холбогдох арга хэмжээ авах ажлыг тусгайлан зохион байгуулах, мөн дээрх хууль, эрх зүйн зохицуулалтуудаар мэдлэгээ баяжуулах, алдаж онож байгаагаа мэдэрч дүгнэлт хийх ажиллагааг өөрийн болон төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд явуулах талаар тусгажээ. Түүнчлэн дээрх үүргүүдийг хэрэгжүүлж, хийсэн ажил арга хэмжээнийхээ дүн мэдээг 11-р сарын 15-ны дотор албан ёсоор ирүүлэхийг мэдэгдсэн байна. Энэхүү  авилгын эсрэг хууль болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Хүний эрхийн төлөв байдалд судалгаа явуулах, “Хүний эрх-Сэлэнгэ аймагт” баримт бичиг боловсруулах нэгдсэн арга зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээний зорилго нь “Иргэн таны төлөө” аймгийн 2015 оны бодлогын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд, аймгийн иргэдийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний үндсэн эрхийн хэрэгжилтийн төлөв байдлыг судлан “Хүний эрх- Сэлэнгэ аймагт” баримт бичиг боловсруулан гаргаж, иргэд олон нийтийг мэдээллээр хангах, төр, захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагуудын цаашдын бодлого, шийдвэр, үйл ажиллагааны төлөвлөлтөнд дэмжлэг үзүүлэхэд орших юм. Тус нэгдсэн арга хэмжээг аймгийн хэмжээнд 2015 оны 10-р сарын 10-ны өдрөөс 12-р сарын 25-ны хугацаанд иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурлан зохион байгуулах ажээ. Энэ ажлын хүрээнд хүний эрхийн хэрэгжилт сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулах, олон нийтийг хамарсан санал асуулга, судалгаа явуулах, хэлэлцүүлэг, санал асуулгаар цугларсан мэдээллийг нэгтгэж баримт бичиг боловсруулах, хэлэлцүүлгийг “Үндсэн хуулиар олгосон хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр багийн иргэдийн Нийтийн хурлуудаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулсан түүхэн үйл явдлын 70 жилийн ой тохиож буй 10-р сарын 10-ны өдөр зохион байгуулах. Судалгааг сумдын иргэдийн дунд сум бүрийн хөгжил, амьдрал ахуйн хэв шинж, онцлогтой уялдсан хүний эрхийн хэрэгжилтийн асуудлыг тусгасан санал асуулгаар судалгаа явуулах юм. Хэлэлцүүлэг, санал асуулга, судалгаа, мэдээллийн нэгтгэлд тулгуурлан боловсруулах “Хүний эрх-Сэлэнгэ аймагт” баримт бичгийн эх загвар, төлөвлөгөөг 12-р сарын 25–ны дотор боловсруулж, шийдвэрлэх бөгөөд загвар төлөвлөгөөний дагуу “Хүний эрх”Сэлэнгэ аймагт” баримт бичгийг 2016 оны 01-р сард багтаан боловсруулж гаргах ажээ. Нэгдсэн арга хэмжээний үр дүнд аймгийн иргэдийн, Монгол Улсын Үндсэн хуулиар хуульчилсан иргэний үндсэн эрхийн хэрэгжилтийн нэгэн үеийн төлөв байдлыг тодорхойлсон баримт бичиг бий болж, иргэд олон нийт, бүх түвшний байгууллага мэдээллээр хангагдаж, иргэний эрхийн хэрэгжилт чамбайрч, ахиц бий болоход тус дэм болох юм.