Авлигын эсрэг үйл ажиллагаагаараа Сэлэнгэ аймаг өссөн үзүүлэлттэй байна
Уг үнэлгээг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгарсан “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-ын төлөөлөл бүхий шинжээчдийн баг Авлигатай тэмцэх газрын даргын 2015 оны А/88 дугаар тушаалаар баталсан “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлэх аргачлал”-ын дагуу аймаг, нийслэл, дүүргийн 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийж, дүнг олон нийтэд зарлаад байгаа юм. Энэ үнэлгээ нь 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд хөндлөнгийн шинжээчид үнэлгээ өгдөгөөрөө онцлогтой юм.
 
Энэ жилийн байдлаар аймаг, нийслэлийн дундаж үнэлгээ нь 71.7 хувьтай байгаа нь өнгөрсөн онтой харьцуулбал 9.8 хувь, 2013 оны дүнтэй харьцуулбал 20.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж.
 
Эндээс харахад үнэлгээний улсын дундаж оноо жил тутам нэмэгдэж байгааг эерэг үр дүн хэмээн шинжээчид үзсэн байнаа. Энэхүү үйл явцыг авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, түүний удирдлагаас анхаарах болсонтой холбон тайлбарлажээ. Мөн шинжээчид үнэлгээнд хамрагдсан байгууллагуудыг эрэмбэлэн үзүүлсэн байна. Үүнд хамгийн эхэнд Дорноговь аймаг 86.6 оноотой, хоёрт Орхон аймаг 83.2 оноотой, гуравт Хөвсгөл аймаг 81.5 оноогоор эрэмбэлэгджээ. Сэлэнгэ аймгийн тухайд 2013 онд 51.3 хувь байсан бол 2014 онд 61.9 хувь, 2015 онд 78.7 хувь болон өссөн үзүүлэлтэй байна.
 
Эдгээр үнэлгээг өгөхдөө авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг 0-70 оноо, авлигатай тэмцэх санал, санаачлагыг 0-30 оноо, нийт 100 оноогоор үнэлдэг бөгөөд үнэлгээг хоёр үндсэн хэсэг, 19 дэд хэсгийн хүрээнд 89 шалгуурыг хэрхэн хангаж буйгаар үнэлдэг байна. Хөндлөнгийн шинжээчдээс ирүүлсэн тайланд үнэлгээний үр дүнг нэгтгэн байгууллага бүрийн тухайн шалгуурт авсан оноо, гүйцэтгэлийн хувийг тооцон гаргаж, нийт үнэлгээнд дүн шинжилгээ хийсэн байна. Тухайлбал албан хаагчдын шударга байдал, удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлэл, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, АТГ-аас гаргасан шийдвэрийн биелэлт, авлигын эрсдэл бууруулах боломж, иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, удирдлагын шийдвэрийн ил тод байдал, давхар ажил эрхлэх боломжийн шийдвэрлэлт, ёс зүйн дүрэм, ЭБАТ-ын үйл ажиллагаа, үнэлгээ, ТББ-ын оролцоо, албан хаагчдын ажил үүргийн хуваарь, худалдан авах ажиллагааны ил тод байдал, хүний нөөцийн ил тод байдал, зөвшөөрөл бүртгэлийн ил тод байдал, төсвийн ил тод байдал, хяналтын үйл ажиллагааны ил тод байдал, бодлого боловсруулалтад иргэдийн оролцоо, хууль тогтоомжийн сурталчилгаа гэсэн үзүүлэлтүүдээр тооцож үнэлгээг өгчээ.