НАЧИН, ХАРЦАГА, ЗААН, АРСЛАН ЦОЛТОНГ ТӨРҮҮЛСЭН АЙМГИЙН БАЯР НААДАМ

Аймгийн баяр наадамд улсын начин Н.Бүрэнбаатар, Ганхуяг, Мөнхтогтох, Мандах, Зоригт, аймгийн арслан Ганзориг, Амараа, Галбадрах, Уугандаваа, аймгийн харцага Мөнхтүшиг, Энхжаргал, аймгийн заан Саранбаатар, Эрдэнэбаяр нарын улс, аймгийн алдар цолтой нийт 256 бөх хүч үзэн барилдлаа. Начны буюу 5-ын даваанд Сант сумын заан П.Алтанхуяг улсын начин Бүрэнбаатараар, Өвөрхангай аймгийн Бүрд сумын заан М.Батбаатар улсын начин Ганхуягаар, Хүдэр сумын заан Д.Баясгалан аймгийн арслан Галбадрахаар, Мандал сумын заан Э.Бат-Эрдэнэ аймгийн харцага Энхжаргалаар тус бүр давж АЙМГИЙН НАЧИН цолны болзол хангасан юм. Энэ даваанд аймгийн начин Төрболд аймгийн начин Золоотой тунаж барилдсан. Харцага цолны буюу 6-гийн даваанд аймгийн заан Саранбаатар сумын заан Бат-Эрдэнээр, аймгийн заан Эрдэнэбаяр сумын заан Ганхуягаар, аймгийн начин Төрболд сумын заан Батбаяраар, сумын заан Ганбаяр, сумын заан Баясгалангаар давлаа. Энэ даваанд Сант сумын заан Б.Ганбаяр АЙМГИЙН ХАРЦАГА цолны болзол хангасан. Заан цолны буюу 7-гийн даваанд аймгийн заан Саранбаатар сумын заан Ганбаяраар, аймгийн начин Төрболд аймгийн заан Эрдэнэбаяраар давлаа. Ийнхүү аймгийн нэмэх начин Д.Төрболд аймгийн ЗААН цолны болзол хангалаа. Үзүүр түрүүний барилдаан тун ч ширүүхэн бас халуухан болж аймгийнхаа баяр наадамд 3 удаа үзүүрлэж, 4 удаа шөвгөрсөн Монгол Улсын аймгийн заануудын манлай заан, аймгийн хурц арслан Эрдэнэжавын хүү Саранбаатар түрүүлж, аймгийн начин Д.Төрболд үзүүрлэлээ. Энэ жилийн Сэлэнгэ аймгийн баяр наадам НАЧИН цолтон 4, харцага цолтон 1, заан цолтон 1, арслан цолтон 1 буюу бүх цолтонг төрүүлсэн баяр наадам боллоо.